АНУ-д бага насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ

оруулсан Алсын Хараа

/VOA/. АНУ-д зургаан сартайгаас дөрвөн настай хүүхдүүдийг коронавирусний вакцинд мягмар гаргаас хамруулж эхэлжээ. “COVID-19”-ийн дархлаажуулалтад хамгийн эхэнд өндөр настнуудыг хамруулснаас хойш 18 сарын дараа энэхүү аянг эхлүүлж байна.

Хэдийгээр бага насны хүүхдүүдэд халдвараас учрах эрсдэлийг насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад бага байгаа ч цар тахал дэгдсэнээс хойш Америкт зургаан сартайгаас дөрвөн настай 45 мянга гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 500 орчим хүүхэд нас баржээ.

АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд “Moderna”, “Pfizer” компанийн вакцинуудад холбогдох зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногт олгосон юм. Ерөнхийлөгч Жо Байден АНУ “COVID-19”-ийн аюулгүй, үр дүнтэй вакциныг зургаан сартай хүүхдүүдэд санал болгож буй анхны орон болж буйг тодотгоод, үүнийг түүхэн алхам гэж тодорхойлжээ.

Аргентин, Бахрейн, Чили, Хятад, Куба, Венесуэл зэрэг орнуудад бага насны хүүхдүүдэд “COVID-19”-ийн вакцинд хамрагдахыг санал болгож байгаа ч энэ чиглэлд тэргүүлэх технологид тооцогдож байгаа мРНХ вакциныг хэрэглэхгүй байгаа юм. Европын Эмийн агентлаг “Moderna”-гийн вакциныг зургаагаас доош насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрөх талаар нарийвчлан судалж байгаа бөгөөд АНУ-ын шийдвэрийг дагаж магадгүй байна.

Сэтгэгдэл бичих