"Шинэ сэргэлтийн бодлого"-оор хэрэгжүүлэх 94 төслийг Туркийн хөрөнгө оруулагч нарт танилцуулна

оруулсан Алсын Хараа

Монгол-Туркийн бизнес форумыг энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар МҮХАҮТ, Турк улсын Танхим, биржүүдийн холбоо тохиролцоод байна.

Үүний өмнө ирэх сард Туркийн Анкара хотод танхимуудын уулзалтыг хийнэ. Эдгээр уулзалт, форумаар Монголын тал Засгийн газраас баримталж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүчний 94 төслийг Туркийн хөрөнгө оруулагч нарт танилцуулах аж.

Саяхан болсон МҮХАҮТ болон БНТУ-ын Танхим, биржүүдийн холбоо (TOBB)-ны уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр ярилцлаа. Уулзалтад Монголын талаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монгол-Туркийн ХАҮТ-ын Монголын талын дарга С.Болдхэт, Туркийн талаас БНТУ-ын Танхим Биржүүдийн холбоо (TOBB)-ны ерөнхийлөгч М.Рифат Хисарчиклиоглу, ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сарп Калкан, Европын холбоо болон Гадаад харилцааны газрын дарга Мустафа Байбуртлу, Олон улсын харилцааны газрын Монгол Улсыг хариуцсан мэргэжилтэн Адем Кула нар оролцож, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлж, бизнесийг дэмжих, хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцов.

Тодруулбал, хоёр орны худалдааны тэнцлийг хангах, Монголын талын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ХАА, арьс шир, тээвэр логистик (агаарын, газрын ачаа тээвэр)-ийн салбарт хамтарч ажиллах зэргээр худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахаар болов.

Мөн МҮХАҮТ-ын тухай хуулийг шинэчлэх болон танхимын бодлогын өмгөөлөл, нөлөөллийн чиг үүргийг нэмэгдүүлэхэд БНТУ-ын Танхим, Биржүүдийн холбоо бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах боломжтойгоо илэрхийлэв. Танхимын бүтцийг шинэчлэх, чадавхжуулах чиглэлээр тус холбоо 1980 оноос эхлэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд Казахстан, Узбекистан зэрэг улсын ХАҮТ-уудын хуулийг шинэчлэхэд туршлагаасаа хуваалцан, дэмжлэг үзүүлж ажиллаж иржээ.

Сэтгэгдэл бичих