Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг орон даяар эхэлсэн бөгөөд уг төслийн үндсэн нэг өөрчлөлт нь хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлого юм.
УИХ-аас өнгөрсөн онд 27 жилийн түүхэнд анх удаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан нь Улаанбаатар хотын хөгжлийг тэлэх, дагуул хот байгуулах, бүтээн байгуулалтын төслийг дотоодын эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжийг нээж өгсөн. Цаашид Монгол Улсын хувьд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, цаашлаад хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлд урт удаан хугацааны төлөвлөлт гарган ажиллах зайлшгүй шаардлага үүсээд буй.
Иймд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн нэг гол зорилт нь хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлого бөгөөд уг төсөл батлагдаж гэмээнэ бүсчилсэн хөгжлийн бодлого бүрэн утгаараа хэрэгжих боломжтой болох юм.
Мөн УИХ-аас бусад төрийн байгууллага хөдөө орон нутаг руу шилжин байрлах боломж бүрдэж, эрх мэдлийн төвлөрөл буурна.Т өсөлд энэ тухай урьдчилсан байдлаар “Нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгох, төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн ялгааг багасгах, хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болгох зорилгоор бусад хотын хөгжлийг дэмжих” гэж тусгажээ.