Холливуд-Монголын кино төсөл эхний ээлжийн санхүүжилтээ хүлээн авлаа

оруулсан Алсын Хараа

Холливуд-Монголын хамтарсан “Godsend” кино төслийн эхний санхүүжилтийг хүлээн авсныг төслийн багаас мэдэгдлээ.

Тус төсөл Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж /хилээс үл хамаарах/ экспортын боломжийг нэмэх, ажлын байр бий болгох, аялал жуулчлал болон соёлын талаарх мэдлэг ойлголтыг өргөжүүлэх, Холливудтай түншлэн Монголын кино урлагийг хөгжүүлэх, Чингис хаан болон Монголын ард түмний талаарх хэвшмэл ойлголтыг эвдэн Монголын агуу их соёлын үнэн төрх, баялаг өв уламжлалын гоо үзэмжийг тусган харуулах зорилготой.

Киноны зураг авалтыг Монгол Улсад хийх бөгөөд найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг “Godsend төсөл Монголын соёл урлагийн бүтээлч салбарын авьяас ур чадварыг дэлхийн тавцанд гарган тэргүүн эгнээнд орох боломжийг олгож байгааг би зүрх сэтгэлээрээ дэмжиж байна” гэж ярьжээ.

Холливудын продюсер, хэлтсүүдийн удирдлагаас бүрдсэн “Godsend” төслийн судалгааны баг Улаанбаатар хотноо энэ сард ирж Монголын киноны салбарынхан /дотоодын продакшн компани, зураг авалтын баг, уран бүтээлчид/ болон төсөлд дэмжлэг үзүүлж байгаа төрийн байгууллагын албан тушаалтнуудтай уулзах юм.

Кино зохиолыг бичсэн продюсер Жэй Лиотта “Godsend төсөл “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.1, 1.5, 4.2 зорилтууд болон Монгол Улсад олон улсын кино төслүүдийг хэрэгжүүлэхийг хөхүүлэн дэмжинэ гэсэн Засгийн газрын санаачлага, хүчин чармайлтанд бүрэн нийцэж байна” гэжээ.

Дэлхий дахинд өнөөг хүртэл ач холбогдолтой хэвээр байгаа Монголын хийгээд Чингис хааны оруулсан жинтэй хувь нэмрийг бодитоор тодотгон харуулсан түүхийг энэхүү кино бүтээлээр дэлхийн үзэгчдэд хүргэхдээ монголчуудыг шууд татан оролцуулах юм.

Киноны продюсер Вэнди Крам “Энэ төсөл хийгээд кино нь оролцоог хангасан, олон талт байдал болон олон соёлын талаарх мэдлэгт суурилсан билээ. Дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл Холливудад хэрэгжүүлж болох үүнээс давсан төсөл санаанд буухгүй байна” хэмээжээ.

Дэлхийн хэмжээний уран сайхны кино, телевизийн олон ангит киноны санхүүжилт босгох, продюсерлэх, зах зээлд гаргах чиглэлээр 40 гаруй жилийн туршлагатай мэргэжилтнүүдтэй "Холливудын Тэнгэр Продакшн" ХХК (АНУ, Нью Йорк хот) киноны продюсерээр ажиллах юм. "Godsend" төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mongoliagodsend.com хуудсаас авах боломжтой.

Сэтгэгдэл бичих