Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ыг баталжээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1 дэх хэсэгт “Хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно.” гэж заасны дагуу төрийн байгууллагуудын саналыг үндэслэн нийт 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах хугацааг тогтоолоо.
Нээлттэй өгөгдлийг Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 200 дугаар тогтоолоор баталсан “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл журам”-ын дагуу машинд уншигдах форматын дагуу боловсруулж, хандалт хийх боломжтой байдлаар цахим хуудаст байршуулах бөгөөд ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардахгүйгээр чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээх нөхцөл бүрдэх юм байна.