Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан эрчим хүчний салбарын төслүүдийн хэрэгжилтийг танилцуулжээ.
Уг бодлогод эрчим хүчний салбарын 5 зорилт, 23 төсөл тусгасан юм. Эдгээр төслийн дийлэнх нь өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэж буйг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
Тэрбээр, “Өнгөрсөн сард долоон аймагт ДЦС-ын барилга, угсралтын ажлыг эхлүүллээ. Сэргээгдэх эрчим хүчний дунд, бага чадлын 5 эх үүсвэрийн барилга, угсралтын ажил баруун бүсэд эхэлсэн. Мөн Ховд аймгийн Мянгад суманд нарны эрчим хүчний 10 мВт-ын эх үүсвэр ашиглатад орлоо. Маргааш буюу энэ сарын 16-нд “Амгалан ДЦС”-ын өргөтгөлийг эхлүүлнэ. Түүнчлэн Улаанбаатар хотын 220 кВт-ын Сонгино дэд станыг түшиглэн баттерейн цэнэгт хураагуурыг энэ сард багтаан эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Тавантолгой ДЦС-ын тендерийн хугацаа энэ сарын 16-нд дуусна. Энэ тендерт хоёр компани материалаа ирүүлсэн. Багануурын ДЦС-ын ажил төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих бөгөөд барилга, угсралтын ажил энэ онд эхэлнэ” гэв.
Бөөрөлжүүтийн 300 мВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалтын нээлт ирэх сарын 15-нд болно.Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хувьд нүүлгэн шилжүүлэлтээс бусад ажил бүрэн дууссан байна. Одоо БНХАУ-ын талтай зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулахаар хэлцэл хийж буй аж. БНХАУ 250 сая ам.доллароос дээш зээлийг Төрийн зөвлөлийн хурлаараа хэлэлцдэг байна. Энэ дагуу уг төслийн санхүүжилтийн асуудлыг БНХАУ Төрийн зөвлөлийн хурлаараа оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.