Уул уурхай, эрдэс баялгийн ээлжит "Coal Mongolia-2022" чуулга уулзалт, үзэсгэлэн энэ жил “Сэргэлтийг хамтдаа” уриан дор 9 дүгээр сарын 7-8-нд болох гэж байна. Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой уг үйл ажиллагааг 2011 оноос жил бүр зохион байгуулж ирсэн юм.
Энэ жилийн хувьд Монголд нүүрс баяжуулах үйлдвэр олноор баригдаж, нүүрсний салбарын хөгжил шинэ шатанд гарч олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн болон зах зээл, гадаад худалдааны бодлогын сорилтуудтай тулгарч буйг зохион байгуулагч нар тодотгож байна. Шинэ нөхцөл байдалд энэ удаагийн чуулганаар өрсөлдөөнийг онцолж, бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч-худалдан авагч талуудын бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг үр ашигтай өргөжүүлэх зорилтыг зохион байгуулагчдын зүгээс дэвшүүлжээ.
"Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэнд 2011 оноос хойш давхардсан тоогоор 15.756 зочид, төлөөлөгч оролцжээ. 10 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнгийн бүртгэл эхэлжээ. Чуулга уулзалтын хамтран зохион байгуулагчаар Монгол нүүрс ассоциаци, БНХАУ-ын нүүрсний худалдааны томоохон платформ хөгжүүлэгч "Фэнвэй Энержи информэйшн сервисес" болон мөн тус улсын нүүрсний зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний "Түдэй Тинк Танк" зэрэг компани ажиллаж байна.