АНУ-д шатахууны үнэ түүхэнд байгаагүйгээр нэмэгдлээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын зах зээлд нэг галлон шатахууны дундаж үнэ $5 давсан нь түүхэн дээд өсөлт болжээ. Нэг галлон нь 3.78 литртэй тэнцэх хэмжүүрийн нэгж юм. Шатахууны үнийн өсөлт ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны толгойн өвчин болоод байгаа. Ирэх арваннэгдүгээр сард болох конгрессын дунд хугацааны сонгуулийн үр дүнд уг асуудал нөлөөлж магадгүй болоод байна.

Одоо Ардчилсан Нам конгрессод маш цөөн суудлын зөрүүгээр олонх болдог. Үүнийгээ сонгуулиар ахиулахгүй бол Байдены бодлого, хөтөлбөр хэрэгжихэд бэрхшээл тулгарах юм.

Байдены засаг захиргаа шатахууны үнийг буулгахын тулд янз бүрийн арга хэмжээ авч байгаа. Тухайлбал АНУ-ын стратегийн нөөцөөс түүхэнд урьд өмнө гаргаж байгаагүй хэмжээний шатахуун зах зээлд нийлүүлсэн. Мөн бензин шатахууны үйлдвэрлэлд хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авч, OPEC-ийн гол гишүүн орнуудад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг уриалж, яриа хэлэлцээ хийж байгаа.

Шатахууны үнийн өсөлтөд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий гэж үздэг. Зуны амралт зугаалгын улирал эхэлсэн нь Америкчуудын шатахууны хэрэглээг нэмэгдүүлсэн. Мөн Украины дайны улмаас ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг нөлөөлж байна. Цар тахлын үед Америкийн үйлдвэрлэгчид хүчин чадлаа бууруулаад байсан нь бас нөлөөлж байгаа ажээ.

Хэдийгээр зардал өссөн ч Америкчуудын шатахууны хэрэглээний эрэлт өндөр, цар тахлын өмнөх түвшинд бараг хүрээд байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ инфляц, ханшийн зөрүүг тооцож үзвэл галлон шатахууны үнэ 2008 оны хямралын үеийн өсөлтөөс 8 хувь доогуур байгааг АНУ-ын эрчим хүчний яам мэдээлжээ. Эдийн засагчид галлон шатахууны үнэ хэсэг хугацаанд $5-аас дээш түвшинд байсны дараа буцаад буурна гэж тооцоолж байна.

 

Эх сурвалж: Aljazeera

 

Сэтгэгдэл бичих