Монголын анхны задгай усан бассейн болох Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаянгийн усан бассейн энэ оны зургаадугаар сарын 01-нээс ажиллаж эхэллээ. Монголын анхны задгай усан бассейныг 1957 онд газрын тосны үйлдвэрийн ажилтнууд Зүүнбаян тосгонд барьжээ.
Тавь гаруй жилийн түүхтэй усан бассейны ус дамжуулах хоолой муудсан ч үе үе дахин засварладаг байна.Урт нь 50 метр, өргөн нь 25 метр, гүн нь дөрвөн метр, хүүхдийн зориулалттай хэсэг нь 0.5 метрээс 1.45 метр аж. Харин 2019 онд нефтийн үйлдвэрийн түүхт 70 жилийн ойгоор тус усан бассейныг сэргээн засварлаж ашиглалтад оруулсан байдаг.
Түүх сөхөхөд Монгол Улсын усанд сэлэлтийн аварга шалгаруулах анхны тэмцээн 1967 онд энд болоход Зүүнбаянгийн дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч Тлехан,Андрeй гэх орос нэртэй монгол хүү орост бэлтгэгдсэн мэргэжлийн усанд сэлэгчдийг ардаа орхин түрүүлсэн ч насанд хүрээгүй шалтгаанаар хоеуланг нь байр ухрааж байжээ. Энэхүү задгай усан бассейн бол Зүүнбаянгийн газрын тосны үйлдвэрийн ажилтнууд хийгээд Зүүнбаянд ажиллаж амьдарч байсан хүмүүсийн бахархал, ажил амьдралын нэгээхэн хэсэг нь болсон түүхэн бүтээн байгуулалт юм.