/Xinhua/. Израилд “COVID-19”-ийн өвчлөл нэмэгдэж байгаа тул сонор сэрэмжээ сайжруулахыг тус улсын Эрүүл мэндийн яамнаас олон нийтэд уриалжээ.
Тус яам сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 3732 тохиолдол шинээр илэрсэн талаар мэдээлээд, барилга байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэл дотор, эрсдэлтэй хүмүүстэй ойр байхдаа амны хаалт зүүхийг зөвлөсөн байна.
Мөн вакцинд бүрэн хамрагдаж, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд “COVID-19”-ийн шинжилгээ өгч, хариу нь эерэг гарвал холбогдох журмын дагуу тусгаарлагдахыг уриалжээ.
Израилын төрийн өмчит “Kan” телевизийн мэдээлснээр, Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн ажлын хэсэг хүн амын эрсдэлтэй бүлгийг вакцины тав дахь тунд хамруулах аянг эхлүүлэх талаар лхагва гарагт хэлэлцэнэ.
Даваа гарагт Израилын Эрүүл мэндийн сайд Ницан Хоровицын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан бол дараагийн өдөр нь Нийгмийн аюулгүй байдлын сайд Омер Бар-Лев халдвар авсан нь тогтоогджээ. Сайд нар биеийн байдлаа сайн байгаа талаар мэдээлээд, ажил үүргээ гэрээсээ гүйцэтгэнэ гэсэн байна.