МОНГОЛБАНК:ХЭРВЭЭ ТАНЫ ОРЛОГО ТАСАЛДААГҮЙ ХЭВИЙН БОЛ ЗЭЭЛЭЭ ХҮҮТЭЙ НЬ ЦАГ ХУГАЦААНДАА ТӨЛӨХ ЁСТОЙ

оруулсан Алсын Хараа

Нийт 491 мянган зээлдэгчийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах шийдвэрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан.

Тэгвэл энэхүү шийдвэр нь зээлдэгч нэг бүрт хамаарахгүй гэх тайлбарыг Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч өөрийн цахим хуудсаар дамжуулан өглөө. “СOVID-19-ийн хөл хорионоос үүдэлтэй зээлийн эргэн төлөлтөө гэрээнд заасан хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдалд орсон зайлшгүй шалтгаантай иргэдийг Зээлийн мэдээллийн сангийн хугацаа хэтэрсэн ангилалд орохгүй байх боломжийг (журмаараа 15 хоног байдаг) 90 хоног болгон түр сунгаж өгсөн шийдвэр нь зээлтэй хүн болгонд хамаарагдах арга хэмжээ огт биш юм.

Хэрвээ таны орлого тасалдаагүй хэвийн бол зээлийн гэрээнд заасан үүргээ хангаж, цаг хугацаандаа зээлээ төлнө гэсэн үг.

Зээл олгосон банкинд зээлдэгчийн мэдээлэл дэлгэрэнгүй байгаа учраас банк орлого нь хэвийн, хэвийн бус гэдгийг нь асуудалгүй тодорхойлох боломжтой байдаг. Тиймээс энэ шийдвэрийг зээлдэгч нэг бүрт олгож байгаа боломж гэж ойлгож болохгүй юм.Өөртөө хэт их өрийн дарамт үүсгэхгүйгээр зээлээ боломжоороо төлөөд явах нь цаашдаа дарамт багатай” гэжээ.

Сэтгэгдэл бичих