"Баянгол" зочид буудалд байрладаг "ХКҮ” компанийн байранд Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийлээ. Эмээлт дэх махны үйлдвэртэй холбоотой асуудлаар уг шалгалтыг хийж байгаа аж. Цаашлаад тус газраас Эмээлт дэх үйлдвэрүүд болон томоохон үйлдвэрүүдэд шалгалт хийхээр төлөвлөжээ.
"СХД-ийн 32 дугаар хороо Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийн хэрэг нээж хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Дээрх хяналт шалгалтын хүрээнд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байна.
"ХКҮ" болон "ЭМ ДИ СИ ПИ" компанитай холбоотой асуудлыг шалгаж байгаа
Хэрэг бүртгэлтийн хэргийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас хэргийн харьяаллыг тогтоож эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлсэн. Үүний дагуу ЭЦА-наас нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй чанарын шаардлага хангаагүй махан бүтээгдэхүүн худалдаж, экспортолсон байж болзошгүй гэх хэрэгт прокурорын зөвшөөрлийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг мөрдөн шалгах ажиллагаагаар "ХКҮ" болон "ЭМ ДИ СИ ПИ" компанитай холбоотой асуудлыг шалгаж байгаа. Нянгийн бохирдол ихтэй мах нь уг хоёр компанийн алиных нь болохыг тогтооно. Түүнчлэн уг махыг зах зээлд нийлүүлж, худалдан борлуулсан уу гэдгийг шалгана.
Тус хоёр компанийн үйлдвэрийн байранд прокурорын зөвшөөрөлтэй мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Удирдлага болон холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авна. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгч болохгүй" гэсэн мэдээллийг ЭЦА-наас өглөө.