БНХАУ-ын Эрээн хотод коронавирусны халдварын тохиолдол энэ өглөө 9.00 цагийн байдлаар 149 болж нэмэгдэн, хатуу хөл хорио үргэлжилж байна. Монгол Улс руу өчигдөр 33 чингэлэг хилээр оруулсан бол өнөөдөр 40 чингэлгийг хилийн тэг цэгт байршуулаад байгааг ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд мэдээллээ.
Монголын тал өнгөрсөн хугацаанд өдөрт 70-80 чингэлэг хүлээн авч байсан бол хөл хорионы улмаас 2 дахин багасжээ. Үүний 10-15 чингэлэг нь жимс, нарийн ногооных юм. Эдгээрийг Эрээн хотын “Хао Ган” терминалаас ачиж байв. Манай улс Эрээн хотын Шуурхай штабт хөл хорионы үед жимс, нарийн ногоог Монгол руу тээвэрлэх ачилт хийдэг ажилчдыг тусгаарлан, барааг ачуулах хүсэлт тавиад байгаа аж.
Эрээн хотын гаалийн талбайд тусгаарлалтын талбай руу орсон 200 гаруй, ачилт буулгалт хийдэг хэсэгт 200 гаруй чингэлэг, мөн тусгаарлалтын бүсэд экспортын 200 машин байна. Гаалийн бүрдүүлэлт хийсэн 200 гаруй чингэлгийг өдөрт 20-30-аар оруулж ирэхээр төлөвлөжээ.
Эрээн хотод хөл хорионы тодорхой хугацаа заасан мэдээлэл байхгүй ч багаар бодоход 21 хоногийн тусгаарлалт үргэлжлэх магадлалтай. Улс хоорондын хилийн боомт нь 2 талын үүд хаалга учир хатуу хөл хорионы үед хил боомтын үйл ажиллагааг яаж тасралтгүй явуулах талаар ярилцаж байгааг Д.Болд тэмдэглэлээ.