Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо мягмар гарагт хуралдав.
Хуралдааны эхэнд Хөгжлийн банкны асуудлаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлыг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр,"Чанаргүй зээлийг гурван хэсэгт багцалж байгаа. Үүнд, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 563 тэрбум төгрөгийн өр, “Кю Эс Си”, “Хөтөл” гээд хоорондоо хамаарал бүхий этгээдийн 495 төгрөгийн өр, хувийн аж ахуйн нэгжүүдийн 700 гаруй тэрбум төгрөгийн зээл буюу нийт 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл байна. Монголбанкнаас 2020 онд хийсэн шалгалтаар дээрх нийт чанаргүй зээл дээр 1.3 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй алдагдлын сан байгуулах акт тавьсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш Засгийн газар Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг эхлүүлсэн. Ирэх онд хоёр Самурай, Чингис бонд төлөгдөх цаглабартай. Ирэх оны ес, арванхоёрдугаар сард бондын өрийг төлнө. Засгийн газрын давхар баталгаатай өр төлбөр тулж ирсэн учир гадна талдаа өөрөө төлөх, деполт болохоос сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар 240 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөөд байна.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банканд үүссэн төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээлийн өрийг хэрхэн төлүүлэх талаар ярилцсан. Ингэхдээ Засгийн газар, Хөгжлийн банкнаас гаргасан шийдлүүдийг нэгтгээд арга хэмжээ авах чиглэлээ тодорхой болгосон. Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирээд байгаа юм. Тодруулбал, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онуудад үүссэн. Ялангуяа ТОСК, НОСК-тай холбоотой их хэмжээний зээл гарсан. Анх энэ зээл арилжааны зорилготой гарсан. Гэтэл Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт хийгээд орон сууц баригдсаны дараа тухайн үеийн хоёр ч Засгийн газар дамжаад нэг хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, нөгөө хэсгийг нь зүгээр олгочихсон. Ингэхээр тухайн зээлийн төлбөр орж ирэхгүй байна гэсэн үг. Засгийн газраас тухайн жилүүдэд төсөвт тусгаад, төсвөөс төлөөд явах тогтоолуудыг гаргаж байсан ч энэ үүргээ биелүүлээгүй учраас эдгээр чанаргүй зээлүүд үүссэн.
Засгийн газраас цаашид өмнө гаргасан шийдвэрийн дагуу жил бүр төсөвт дарамт багатайгаар гэхдээ Хөгжлийн банкаа дампууруулахгүй үүргээ биелүүлээд явна. Нөгөө талаар чанаргүй зээл үүсгэсэн буруутай этгээдүүдээр төлүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөөд байна" гэлээ.
Үргэлжлүүлэн Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул х танилцуулав. 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш 40 зээлдэгч 243.7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна. Үүнээс 63.8 тэрбум төгрөг нь хэвийн, 92.7 тэрбум төгрөг нь анхаарал хандуулах шаардлагатай, үлдсэн 54 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангиллын зээл байна. Харин 33.2 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгджээ. Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл 3.2 их наяд төгрөгтэй тэнцүү байна. Үүнээс хувийн хэвшлийн нийт зээл 1.7 их наяд төгрөг бөгөөд Монголбанкны актаар 702.4 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагатай. Мөн Хөтөл болон “Кю Эс Си”-ийн нийт зээлийн үлдэгдэл 521 тэрбум төгрөг. Үүнээс 505.8 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагатай аж.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул танилцуулгадаа, “Банкны зүгээс хувийн хэвшлийн зээлийн багц дээр ажиллаж байна. АТГ, ЭЦГ, Прокурор дэмжлэг үзүүлэн ажиллаж, үр дүн гарч байна. Харин Хөтөл, Кью Эс Си болон төрийн өмчит компаниудын асуудалд Засгийн газар манлайлж, Хөгжлийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Засгийн газраас төрийн өмчит компаниудын зээлийн асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд ТОСК-тай холбоотой 201.7 тэрбум төгрөгийн зээл байна. Буянт Ухаа 1, 2, Хөдөлгөөнт цогцолбор гэсэн гурван төсөл байна. Засгийн газраас Буянт Ухаа 1, 2 төслийн зээлийн үлдэгдлийг ТОСК үнэт цаас гарган Хөгжлийн банканд эзэмшүүлэх замаар өрийг төлөх ажлыг төлөвлөж байна. Хөдөлгөөнт цогцолбор төслийн хөрөнгийг зарж борлуулах замаар Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулахаар төлөвлөж байна. Энэ гурван төслийн асуудал шийдэгдвэл Хөгжлийн банканд 135.1 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан шийдэгдэнэ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ 3.4 саяар сайжирч, төлбөрийн чадвар 201.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой” гэв.
Танилцуулгатай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Э.Батшугар, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүдийн зүгээс ТОСК болон Эгийн голын УЦС-ын төслийн хүрээнд авсан зээл болон ДЦС-4, "Эрдэнэс Монгол", Таватолгой ЦС-ын төслийн хүрээнд авсан зээлүүдийн талаар тодрууллаа.
Одоогийн байдлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үлдэгдэл 155.5 тэрбум төгрөгийн төслийн зээл байна. Тус компанийн зээлийн эргэн төлөлт бүрэн дуусаагүй байна. Тодруулбал, 2015 оны 449 дүгээр тогтоолд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлснээр Хөгжлийн банкнаас олгосон 170 тэрбум төгрөгийн үлдэгдэл хөрөнгийг 2019, 2020 оны улсын төсөвт тусгаж, эргэж төлнө гэсэн заалт байна. Уг заалт хэрэгжээгүйгээс Хөгжлийн банканд чанаргүй зээл болон үлдсэн. Үүнийг барагдуулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсныг Хөгжлийн банкны захирал Н.Мандуул хариултдаа онцлов.
Үүнээс гадна Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 400 Мвт хүчин чадалтай ДЦС байгуулах Эрчим хүчний яамны төсөлд Хөгжлийн банкнаас зээл олгосон байдаг. ДЦС-ын төсөл хэрэгжээгүйтэй холбоотойгоор энэ зээл төлөгдөөгүй байна. Засгийн газраас зээлийн үлдэгдлийг Тавантолгой ДЦС-ын гүйцэтгэгч шалгарсан тохиолдолд төслийн барилга угсралтын ажлын зардалд оруулан төлж барагдуулах шийдвэр гаргажээ. Эгийн голын УЦС ТӨК-д бүртгэлтэй 48.7 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд байгаа гэлээ.
Үргэлжлүүлэн Түр хорооны хуралдаанаар хянан шалгагчдыг томилох тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Хянан шалгах түр хорооноос хянан шалгагч томилох эрхтэй. Тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 -т “Хянан шалгагч нь сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухайн асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах чадвартай, гурваас доошгүй жил тухайн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байна.” гэж заасан.
Ингээд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны хянан шалгагчаар Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Идэрийн Уянга, Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын менежер Лувсандашийн Эрдэнэчулуун нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Хянан шалгагч нь хараат бусаар ажиллаж, нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримт гаргаж өгөхийг шаардах, холбогдох этгээдээс тайлбар авах, танилцсан тэмдэглэл хөтлөх, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, түр хороонд тогтоол гаргуулах санал хүргүүлэх эрх, үүрэгтэй юм.