Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ.
Халдварын тархалт хурдацтай байгаа энэ үед тухайн улсын эрүүл мэндийн тогтолцооны хөгжлөөс үл шалтгаалан эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Тиймээс иргэд өөрийгөө гэртээ тусгаарлахыг ДЭМБ-аас зөвлөж байна.
Эрүү мэдийн сайд Д.Сарангэрэл: “ДЭМБ-ын гишүүн 195 орны 194-т нь коронавирусийн халдвар тархаад байна. Ийм хүнд үед АНУ-д халдварын тархалт өндөр байгаа ч гэлээ Монголын Засгийн газарт хандив өргөсөнд талархаж байна.
АНУ-ын Засгийн газар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг хандивлалаа. Монголд халдварын 10 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирлээ. Эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд халдвар тархаагүй байна. Халдвараас сэргийлэхийн тулд дээрх хандив тусламжуудыг бүрэн зориулж эрүүл мэндийн салбар бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болно” гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн 22 хүний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өмнө нь 24 хүнээс шинжилгээ авсан, мөн уг вирус илрээгүй. Үлдсэн 140 гаруй хүний шинжилгээг өнөөдрөөс авч эхэлнэ. Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүнээс вирус илрээгүй. ХӨСҮТ-д 289 хүн хяналтад байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Нийт 3347 иргэн тусгаарлагдан ажиглагдсанаас өнөөдөр 2057 иргэн тусгаарлалтад байна. 297 эмч, эмнэлгийн мэргэжилтэн халдвартай болон тусгаарлалтад байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.