Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэхээр болж баярын нээлт, хаалтын тоглолтыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар ажилдаа ороод байгаа.
Манай улсад тархаад байсан коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн 2020, 2021 онд Үндэсний их баяр наадмаа цахимаар хийсэн юм. Өнгөрсөн жилийн тухайд Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой тохиосон ч цуцлах бус нэг жилээр хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаж байлаа. Тэгэхээр энэ жил 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэх болов уу гэсэн таамаг байна.
Баяр наадмын төсвийн тухайд цахимаар тэмдэглэсэн жилүүд буюу 2020 онд ₮2.8 тэрбум, 2021 онд ₮2.5 тэрбумыг зарцуулжээ. Энэ жилийн наадмын төсөв батлагдаагүй байна. Өнөөдрийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд хөтөлбөр зэргийг бэлэн болохоор нийтэд мэдээлэх юм байна.
УИХ-ын чуулганаар Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй. Уг хуулийг наадмаас өмнө батална. Энэхүү хуулийн төсөлд үндэсний бөхийн допингийн асуудлыг цэгцлэх заалтуудыг оруулсан тухай МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням ярилцлагадаа дурдсан байдаг. Тодруулбал допинг хэрэглэсэн бөх улсын цол авах боломжийг нь хязгаарлах аж.
Тэрбээр "Энэ хуулийн төсөл батлагдахад допингийн зөрчил гаргасан тамирчинд тооцох эрх зүйн орчин илүү боловсронгуй болно. WADA-ын дүрмийн хүрээнд допингийн зөрчил гаргасан тамирчин ямар хариуцлага хүлээх юм, яг тэр хариуцлагыг л тооцоод явна гэсэн үг" гэжээ.