Японд жуулчдаас амны хаалт зүүх, эрүүл мэндийн даатгалтай байхыг шаардана

оруулсан Алсын Хараа

/TASS/. Японы Засгийн газар бүлэг жуулчдад хилээ нээхийн өмнө жуулчдад зориулсан зорчих журмыг баталсан тухай тус улсын Аялал жуулчлалын газар мэдээлсэн байна.

Жуулчдад тавигдах шаардлагын жагсаалтад амны хаалт заавал зүүх, гадаадад зорчиход шаардлагатай эрүүл мэндийн даатгалтай байх зэрэг багтжээ. Үүнээс гадна, Японы эрх баригчид жуулчид коронавирусний тархалтын эсрэг авч буй арга хэмжээнүүдийг дагаж мөрдөж байгаа эсэхийг сайтар хянах, газар дээр нь очиж үзэх бүртгэл хөтлөх, тэр ч байтугай автобусанд сууж буй хүмүүсийг анхааралтай ажиглахыг аялал жуулчлалын компаниудаас шаардана.

Хэрэв бүлэг жуулчдаас хэн нэгэнд нь коронавирусний халдварын шинж тэмдэг илэрвэл тусгаарлалтад оруулах бөгөөд түүнтэй ойр харилцаагүй хүмүүс л аяллаа үргэлжлүүлж болно. Ковидын эсрэг арга хэмжээг дагаж мөрдөөгүй тохиолдолд торгууль ногдуулахгүй боловч зөрчигчдөд аяллаа үргэлжлүүлэхийг татгалзаж магадгүй байна.

2020 оны 12 дугаар сарын 28-наас хойш Япон улс коронавирусний тархалттай холбоотойгоор дэлхийн бүх улс, бүс нутгийн иргэдэд шинээр виз олгохыг үндсэндээ хориглосон. Харин энэ оны гуравдугаар сараас гадаадын оюутнууд, техникийн мэргэжилтнүүд, мөн ажлын шугамаар тус улсад зорчих хүмүүст хоригоо аажмаар сулруулж эхэлсэн байна. Үүнээс гадна, Японд байнга оршин суудаг, урт хугацааны визтэй гадаадын иргэд, дипломат ажилтнуудыг нэвтрүүлж байгаа юм. Түүнчлэн тус улсад амьдарч буй гадаадын иргэдийн төрөл төрөгсдөд гэр бүлийн шалтгаанаар гэх зэрэг онцгой тохиолдолд нэвтрэхийг зөвшөөрчээ.

Японы эрх баригчид энэ сарын 10-наас гадаадын жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд эхний ээлжинд бүлэг жуулчдыг хүлээн авна. Тус улс тавдугаар сарын сүүлчээс туршилтын журмаар Австрали, Сингапур, АНУ болон Тайландаас бүлэг жуулчдыг хүлээж авч эхэлжээ.

Сэтгэгдэл бичих