Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос спорт, олимпизмоор дамжуулан байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж байгаа билээ.
МҮОХ-ны хувьд энэхүү бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулан Олимпик хаусын эргэн тойрныг ард иргэдэд нээлттэй ногоон орчин бий болгох ажлыг Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Энэ хүрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн санаачилгаар МҮОХ-ны гаднах хашааг буулгаж, оронд нь мод тарих, хашаан доторх 1000 орчим м2 талбайг мод, зүлэг, цэцэг бүхий, иргэд амарч зугаалах зориулалттай бичил цэцэрлэгт хүрээлэн болгох ажил хийгдэж байна.
Бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж, 6 дугаар сарын 23-нд болох Олон улсын олимпын өдрөөр цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийхээр төлөвлөжээ.
МҮОХ-ны хувьд ногоон хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комиссыг шинээр байгуулсан. Тус комиссоос МҮОХ-ны гишүүн байгууллагуудад хандан “Спорт-ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриалгыг гаргаад байгаа билээ.