Казахстаны Алмата хотноо Болат Турлыхановын нэрэмжит чөлөөт бөхийн дэлхийн чансааг олгох тэмцээнд Монголоос 10 тамирчин оролцсноос 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай эх орондоо ирж байна.
Тус тэмцээний сүүлийн өдөр "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр Алматыгийн дэвжээнд 1/4 шигшээд Тажикистаны Комрон Холовыг 11:0-ээр, хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт Узбекистаны Умиджон Жалиловыг 5:1-ээр, финалд Азийн аваргын хошой хүрэл медальт, Узбекистаны Аббос Рахмоновыг 9:1-ээр тус тус ялж аваргалсан юм. Т.Тулгын хувьд 65 кг-д дэлхийн чансааны аман хүзүүнд бичигдэж буй бөгөөд Казахстанд түрүүлснээр жиндээ тэргүүлэх нь тодорхой болж байна.
Мөн энэ өдөр 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж 74 кг-д мөнгөн медаль хүртэв. Шөвгийн наймд Египетийн Амир Рамадан Хуссенийг цэвэр, хагас шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Навеен Навеенийг 7:6-гаар ялж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Европын аварга Словакийн осет гаралтай Таймураз Салказановт 0:8-аар ялагдлаа.
Болат Турлыхановын нэрэмжит цомын тэмцээнд 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл 125 кг-д хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн наймд Азийн аваргын хошой мөнгө, хоёр хүрэлтэй, эзэн орны Алишар Ергалиг 3:2-оор ялсан ч хагас шигшээд "Токио-2020" олимпын хүрэл медальт, Ослогийн дэлхийн аварга Ираны Амирхоссейн Заред 0:3-аар ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд 2021 оны Азийн аварга Олег Болтинийг 2:2-оор ялснаар шагналын тавцанд зогсов. Лхагваа өнгөрсөн жил Ослод дэлхийн медальтан болохдоо түүнийг ялсан бөгөөд энэ удаа нутагт нь дахин ялав. Түүний хувьд хилийн чанадад болсон сүүлийн 3 тэмцээнд дараалан медаль хүртээд байна. Стамбул, Москвад үзүүрлэсэн.
"Токио-2020" олимпын наадам, "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт "Женко" клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа Алматагаас багийн 2 дахь алтан медалийг авчирлаа. Тэрбээр эзэн орны Айша Улишан, Азербайжаны Лейла Гурбанова, Казахстаны хашир туршлагатай бөх Жюлдиз Эшимова зэрэг бүх өрсөлдөгчөө цэвэр ялав.
Түүний хувьд 2022 он гарснаас 4 дэх тэмцээндээ дараалан аваргалж байна. Б.Болортуяа нэгдүгээр сард Красноярскт Иван Ярыгины ОУТ, хоёрдугаар сард Стамбулд Яшар Догугийн ОУТ, өнгөрсөн сард Москвад "Мэргэжлийн бөхийн лиг"-т тус тус түрүүлээд байгаа юм.
Болат Турлыхановын нэрэмжит тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, "Хасу-Мегастарс" клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртэв.
Тэрбээр 1/4 шигшээд Азербайжаны Туркан Насироваг цэвэр дарж, хагас шигшээд Казахстаны Айгул Нуралимыг 10:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Жасмина Иммаеваг цэвэр ялж аварга боллоо.
Энэ жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Женко" клубын тамирчин ОУХМ Долгоржавын Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Светлана Анкичеваг 8:4-өөр яллаа. Уг жинд манай 2 бүсгүй финалдах бүрэн боломжтой байсан ч Д.Отгонжаргал үдээс өмнө хагас шигшээд Узбекистаны Иммаевад 6:6-гаар харамсалтай дийлдсэн юм.
Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааг олгох тэмцээний эхний өдөр 68 кг-д 2021 оны Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг мөнгө, 62 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа, 68 кг-д Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн болов.