"Зууны мэдээ" сонин "Төрийн хишигтэн" булангийнхаа ээлжит зочноор “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунболдыг урилаа. Тус хамтлагийнхан энэ онд Европын орноор аялан тоглож, “Жангар” шинэ цомгоо өлгийдсөн билээ.
-Энэ жил “Хөсөгтөн” хамтлагийн аяны богц арвин байна. Саяхан Европын орноор аялан тоглолоо. Хэзээ эх орондоо ирэв?
-Аялан тоглолтоо дуусгасан л бол шууд эх орондоо ирдэг уламжлалтай. Европын таван оронд тоглолтоо хүргэчихээд ирлээ. Энэ удаагийн тоглолт маань шинэхэн өлгийдсөн “Жангар” цомогтой салшгүй холбоотой. Нэг ёсондоо цомгоо танилцуулах сурталчилах, шинэхэн уран бүтээлээ сонсогчдод хүргэхээс гадна үндэсний язгуур урлагаа дэлхийд таниулна гэсэн үндсэн үүргээ биелүүлж их ажлын ард гарлаа.
-Европын үзэгчид монгол, тэр дундаа язгуур урлагийн хамтлаг гэхээр та бүхнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Манай хамтлагийн нэг онцлог нь гадаадад байгаа монголчуудад тоглолт хийдэггүй. Яг л цэвэр гадны үзэгчдэд тоглодог. Өвөг дээдсээс уламжилж ирсэн язгуур урлаг юугаар ч орлуулж боломгүй гайхалтай өв билээ. Үүнийг монгол хүн мэддэггүй. Харин Европын сонсогчид үнэ цэнийг нь илүү ойлгодог нь гайхалтай.
Монгол гэсэн үнэт зүйл үнэгүйдэж байгаа энэ цаг үед уламжилж ирсэн соёл, нүүдэлчин амьдралаа гадны тайзан дээр, харь хүмүүсийн өмнө тоглож байхдаа л хэр үнэ цэнтэй, орхиж, хаяж болохгүй баялаг юм гэдгийг илүү их мэдэрч байна даа. Тиймээс “Хөсөгтөн” хамтлагийн тоглолтыг гадныхан их сайхан хүлээж авдаг. Мөн тоглолт бүрийг 2-3 удаа дахиулдаг.
Гэхдээ энэ нь “Хөсөгтөн” хамтлаг мундагтаа биш язгуур урлаг маань л дэлхийд ийм үнэ цэнтэй гэдгийн хамгийн том илрэл, баталгаа юм шүү.
-Таван оронд тоглосон гэлээ. Тоглолт аль орноос эхэлсэн бэ?
-Энэ удаагийн аялан тоглолт Франц, Швецайрь, Бельги, Люксинбург, Германд сарын хугацаатай үргэлжиллээ. Нийт 10 гаруй удаагийн давтамжтай тоглосон байна. Гэхдээ аялан тоглолт хийх их хүнд. Нэг оронд тоглолтоо хийчихээд дараагийн улс руу яг л аялагчдын журмаар зорчдог. Замд таарсан бүхий л бэрхшээлийг тайзан дээр хөгжмөө бариад гарахаараа мартчихдаг нь хамгийн сайхан.
-“Хөсөгтөн” хамтлаг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хооронд хоёрхон цомог өлгийдсөн. Энэ нь та бүхний тоо биш чанарыг эрхэмлэдэг ясны уран бүтээлч зангийн илрэл болов уу?
-“Жангар” бидний хоёр дахь цомог. Эхний “Хөсөгтөн” цомгийг сонсогчид сайн мэдэх байх. Харин “Жангар” цомгийн хувьд 2015 оноос хийгдэж эхлээд уг нь 2020 онд дууссан. Дэлхийг нөмөрсөн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад сурталчилах ажил жаахан хойшилсон тал бий. Бидний хувьд уран бүтээлдээ зөвхөн чанарыг л эрхэмлэдэг. Таны хэлдгээр тооны араас хөөцөлдөж байсангүй. Манай “Жангар” цомог одоогоор дэлхийн том фестивалиудаас долоон удаагийн шагнал хүртээд байна. Хамгийн сүүлд эх орондоо “Мөнгөн мод” шагналын эзэн боллоо.
-“Жангар” цомог юу нь тийм онцгой болоод дэлхийн хөгжмийн зах зээлд үнэ цэнтэй, эрэлттэй хэвээр байна вэ?
-Бид бүхний их удаан бодож, төлөвлөж, хүсэж хийсэн цомог. Дэлхийд “Хөсөгтөн” хамтлагийн чанар, өнгө төрхийг “Жангар” тодорхойлно. Анхны “Хөсөгтөн” цомог мартагдахад хүрсэн ардын дуунуудаас бүрдэж байлаа. Энэхүү дуунууд нь өв тээгчээр дамжиж сонсогчдод хүрдэг учир мартагдах, хаягдах магадлал өндөртэй. Тиймээс энэ аюулд ойртсон олон үндэстэн ястныхаа дуунуудыг нэгтгэж цомог болгосноороо “Хөсөгтөн” цомог үнэ цэнтэй. Харин “Жангар” цомгийн хувьд язгуур, туульсийн чанартай болсноороо онцлог. Дуу гэхээс илүү тууль, магтаалын шинж чанарыг агуулсан. Үүнээс гадна манай хамтлагийн баримталдаг, хэвшүүлэх гэж хичээдэг стиль жанрыг 100 хувь шингээсэн гэж ам бардам хэлнэ.
-Монгол язгуур урлагийг дэлхий гайхаж, үнэлж хүлээж авдаг. Үзэгчдээ дагаад дэлхийн хөгжмийн урлагийн томоохон продюссеруудаас санал их ирдэг үү?
-Энэ бол дэлхий нийтэд нэг ёсондоо үнэ цэн харуулж байгаа урлаг. Хэдийгээр манай улсад тайзны урлаг хөгжөөд 70 гаруй жил болж байгаа ч дэлхийн долоон тэрбум хүний хэдэн хувьд нь язгуур урлагаа хүргэж, таниулсан билээ дээ. Ямарваа нэг шинэ урлаг нь олон жил хүмүүс сонсоод дасчихсан, байнга үзэж хараад танил болоод бүр даяаршчихсан урлагийн хажууд цоо шинэ, содон байх нь дамжиггүй. “Жангар” цомгоос гадна биднийг “Авьяаслаг Азиуд” шоунд оролцсоны дараа санал их ирдэг байсан. Шоуны дараахан “Авьяаслаг Америкчууд” шоуны санал ирж байлаа. Бидний хувьд тухайн үед нэр хүнд гэхээс илүү арилжааны тоглолт чухал байсан учир саналаас татгалзсан. Энэ мэт ер нь дэлхийн мундаг продюссеруудаас хамтарч ажиллах санал ирдэг байсан.
-Гадныхны сонирхлыг татаад байгаа язгуур урлаг бусад хамтлагаа “The Hu”, “Хөсөгтөн” шиг дэлхийд таниулах эхний алхам нь юу байх ёстой юм бол?
-Шинээр уран бүтээл хийж эхлэх гэж байгаа хамтлагууд сайн бодох л хэрэгтэй. Ардын болон уртын дууг ямар байдлаар хүмүүст хүргэх вэ гэдэг их чухал. Хоёрдугаарт багаар ажиллах гэж байгаа бол хамтлагийн эв нэгдэл гэж голлох хүчин зүйл байна. Учир нь өөр, өөр орчинд хүмүүжсэн, харилцан адилгүй ааш зантай хүмүүс нэг зүйлийн төлөө нэгдэнэ гэдэг их хэцүү.
Монголчууд биеэ даах, “Би” гэсэн үзэлтэй хүмүүс шүү дээ.Тиймээс энэ хоёр бэрхшээлийг давчихсан тохиолдолд урлагаа Монголд ч бай, гадны оронд сурталчилах үүд нээгддэг гэж хэлж болно.
Мөн шинэ, залуу хамтлагуудыг ажихад хүн дуурайх гээд байдаг. Урлаг үйлдвэрлэлийн машин биш. Жишээлбэл, цамцыг бид яг адилхан материал, загвартайгаар хэдэн мянган хувь үйлдвэрлэж болно. Харин өв соёл тухайн уран бүтээлчийн судалгаа, харах өнцөг, сэтгэл зүрхнээс ундардаг учир хэзээ ч, хэн ч дуурайж чадахгүй. Дахиад нэг “The Hu”, “Хөсөгтөн” байж болохгүй биз дээ. Тиймээс аль болох өөрийн хэв маяг, төрөл жанрыг олж, бусдаас өөрөөр уран бүтээлээ хийвэл туулах зам нь урт, уран бүтээл нь үнэ цэнтэй байх болов уу.
-Соёлын яамтай боллоо. Гэтэл ардын урлагаа дэлхийд тамгалж яваа та бүгд бор зүрхээрээ л яваа ажиглагдах юм?
-Яам бодлогоор дэмжих үүрэгтэй. Ардын урлагаа сурталчилж яваа биднийг олон улсад очоод тоглолтоо хийхэд хууль эрх зүйн үүднээс ажлаа хийх боломжоор бүрдүүлэх ч юм уу. Манай хамтлаг Үндэсний урлагийн их театраас үүсэлтэй. Бүгд л анх төрийн албан хаагчид байсан. Харин өнгөрсөн жил яамны зүгээс биднийг дэмжиж нэг уран бүтээл хийх санхүүжилтийг шийдэж өгсөн шүү. Энэ нь бидэнд их урам, ташуур болсон.
-Ахлагчийн хувьд та “Хөсөгтөн” хамтлагийг атгасан гар шиг нэгтгэж, дэлхийд таниулж чадсан. Энэ хугацаанд баримталж ирсэн гол зарчим тань юу байв?
-Амжилт гэдэг хувь хүний ухаан, хүмүүжлээс их хамаардаг. Мөн амжилтыг хэрхэн даах вэ гэдэг бас их чухал. Манай хамтлагийнхны хувьд омогшиж, онгирох үе бишгүй байсан. Залуу ч байж. Гэхдээ бид тэр үеийг нэг зорилго, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зөв даваад гарсан. Би мундагтаа биш, бид нэг баг байж, нэг зүйлийн төлөө, нэг оргилыг харж чадсан учир өнөөдрийн “Хөсөгтөн” оршин тогтнож байна. Хүрсэн амжилт бүхэн минь хамтын хүч хөдөлмөр. Хамтлагаас нэг нь л байхгүй бол “Хөсөгтөн” оршин тогтноход тун хэцүү. Мөн манай хамтлагийн өнөөдрийг хүртэл ухралгүй уран бүтээлээ хийж байгаа гол шалтгаан нь бүгдээрээ үндэсний язгуур урлагаа сэтгэл зүрхнээсээ хайрладагтай холбоотой. Тиймээс энэ урлагийн төлөө хамтдаа хөдөлмөрлөе, түгээн дэлгэрүүлье, олон улсад сурталчилъя гэх хүсэл биднийг хурцалж байна.
-“Авьяаслаг Азиуд” шоуны тухай эргэн дурсвал?
-“Авьяаслаг Азиуд” төсөл бол АНУ-ын шилдэг продюссеруудын санаачилж, эхлүүлсэн эвент л дээ. Өмнө нь “Авьяаслаг Америкчууд”, “Авьяаслаг Британичууд” гээд улсыг хамарч зохион байгуулж байсан бол анх удаа “Авьяаслаг Азиуд” шоугаар тивийг бүхэлд нь хамруулж чадсан.
Хятадын үндэсний урлаг, Японы язгуур урлаг дэлхийд ямар агуу билээ. Зөвхөн үндэсний урлагаараа менежмент хийгээд явахад дэлхийд алдарших боломжтой олон улс энэ тивийн элгэнд байдаг. Гэтэл “Хөсөгтөн” хамтлагийн хувьд тэр олон хүн амтай орнуудыг үзэгчдийн санал асуулгаар ардаа орхиж чадсан.
Энэ нь дэлхийд бидний язгуур урлагийн гайхамшгийг сурталчилахаас гадна монголчууд нэгдэж чадвал ямар хүчтэйг харуулсан гэж боддог. Бид сүүлийн шатанд 96 сая хүн амтай Филлипин улстай өрсөлдөөд ялагдсан. Тухайн үед шоуг хөтөлж байсан Девид Фостер гээд дэлхийд алдартай продюссер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч бидэнд тусгайлан баяр хүргээд “Миний хувьд Монголын Хөсөгтөн хамтлаг түрүүлсэн шүү. Би та нарыг үзээд натур амьдралаасаа ямар их холдсоноо ухаарлаа” гэж хэлж байсан. Энэ бол олон юм нуршилгүйгээр Монголын язгуур урлаг дэлхийд ямар үнэ цэнтэй болохыг тодорхойлж байна.
-Та бүхэн дэлхийд алдаршиж, аялан тоглолт хийдэг мөртлөө эх орондоо төдийлэн тоглохгүй юм?
-Бид хамтлаг байгуулснаас хойш гэртээ ч бараг үзэгдэх завгүй, дэлхийн олон орноор явжээ. Гэтэл монгол үзэгчиддээ зориулж гурван удаа л тоглолт хийсэн байдаг. Анхны тоглолтоо одоогийн Үндэсний урлагийн их театрын тайзан дээр хийж байлаа. Дараа нь МҮЭСТО-д, гурав дахь тоглолтоо 2016 онд Чойжин ламын сүм музейтэй хамтарч хийж байсан юм. Харин бид энэ удаагийн “Жангар” цомгийнхоо нээлтийг эх орондоо энэ сарын 8-нд хийхээр төлөвлөж байна.
-Тухайн үед хамтлаг байгуулах санаа хэнээс нь хэрхэн гарч байв?
-Анх 2008 оны үед чуулга дээр “Хөөмийн түрлэгтэй эх орон” тоглолт болсон юм. Найруулагчаар нь одоогийн “Цагаан лавай” чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд ажиллаж байлаа. Тэгээд тоглолтын нэг хэсэгт жижиг хамтлаг хэрэгтэй байна гэсэн санал надад тавьсан юм. Уламжлалт дуугаралтуудыг хэрхэн арай өөр болгох вэ гэсэн миний бодолтой найруулагчийн хэлсэн үг давхацсан. Тиймээс хөөмийлдөг, мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн хамтлаг байгуулъя гэсэн бодол төрсөн хэрэг. Тэгээд таван залуудаа санал тавьснаар өнөөдрийн “Хөсөгтөн” хамтлагийн суурь тавигдсан түүхтэй. Өөрийн бүтээл болох “Торой банди”, Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бирваагийн найруулга “Гурван тоом” гэсэн бүтээлүүдийг найруулж, анх хамтлагаараа тайзан дээр гарсан. Тухайн үед хүмүүс бидэнд их урам өгсөн. Тэр эрч хүчээрээ 2009 онд анхны тоглолтоо хийж, цомгоо өлгийдөж байлаа.
-Танай хамтлаг эх орондоо анх удаа хөөмийн наадмыг зохион байгуулж байсан байх аа?
-2009 он манай хамтлагийн хувьд үнэхээр одтой жил байсан шүү. Учир нь зургадугаар сард Олон улсын хөөмийн наадмыг анх удаа эх орондоо амжилттай зохион байгуулж байлаа. Тэр үед ҮУИТ-ын дарга Цэдэн-Иш гэж хүн байсан юм. Дарга маань надад “Д.Ариунболдоо энэ олон улсын анхны наадмынхаа түрүүг эх орондоо авч үлдэх үү, гадны уран бүтээлчдэд алдах уу сайн бодоорой” гэж хэлсэн. Энэ нь надад итгэсэн их итгэл байсан гэж боддог. Тухайн үед манай хамтлаг ч шинэ байлаа. Гэхдээ бид шаргуу бэлдэж, хичээсний эцэст гранпри шагналыг нь эх орондоо авч үлдэж чадсан. Энэ үеэр тэмцээнд оролцсон Тувагийн баг бидэнд эх орондоо болох олон улсын наадамд оролцох санал тавьсан юм. Есдүгээр сард бид Улаан-Үдэд очиж, өрсөлдөөд мөн л гранпри цомыг нь эх орондоо авчирсан. Үүний дараа Дэлхийн урлагийн олимп Солонгос улсад болсон юм. Энэ олимпод бид “Акабель” төрөлд дэлхийн том, том хооруудтай өрсөлдөөд алтан медаль хүртсэн түүхтэй. Энэ амжилтууд маань бидэнд их урам өгсөн. Мөн Монголын хөгжмийн ертөнцөд ийм залуус, “Хөсөгтөн” гээд хамтлаг мэндэлж байна шүү гэсэн чимээг сонсогчдод тодоор өгсөн он жил байсан гэж боддог.
-Таны эгшиглүүлдэг их хуур ямар онцлог, үүрэгтэй юм бэ?
-Морин хуурыг хүн бүхэн мэднэ. Харин их хуур гэхээрээ хэмжээний хувьд нэлээд том. Байшингаар төсөөлвөл суурь гэж хэлж болох юм. Тоглолтын үед үндсэн өнгийг гаргадаг гэсэн үг. “Хөсөгтөн” хамтлагийн хувьд уран бүтээлдээ шаардлага их өндөр. Байнга шинэ уран бүтээл хийх бус бодож, төлөвлөж, судалж байгаад нэг л эгзгийг нь хатгадаг онцлогтой. Тиймээс ч уран бүтээлүүд маань хүмүүст илүү хүрдэг болов уу гэж бодож байна. Бусад хамтлаг, дуучин шиг 200-300 уран бүтээл хийгээгүй ч цөөн тооны бүтээлүүд маань чанарын өндөр түвшнийх гэж ам бардам хэлнэ. Одоо пянз хийхээр төлөвлөж байна. Пянз эргээд хэрэглээнд орж байна. Хэдийгээр цаг хугацаа, үнэ өртгийн тал дээр өндөр ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь зүйтэй. Тиймээс удахгүй пянзаар бэлэг барина гэдгээ уламжилъя.
-Хамтлагийн уран бүтээлийн хувьд энэ он жилүүдэд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн вэ?
-Хувьсан өөрчлөгдөлгүй яахав. Бид эхний он жилүүдэд ихэвчлэн ардын дуунуудтайгаа ноцолдсон. Ноцолдох ч ёстой. Үүний хүчинд ардын дуу сонсох хүмүүсийн нас залуужсан. Өмнө нь ардын дуу гэхээр л настай хүн сонсдог гэсэн ойлголт байсан бол одоо тэр бодол ард хоцорсон. Харин сүүлийн жилүүдэд илүү туульс, түүхэн уран бүтээл дээр ажиллаж байна. Үүний хамгийн илрэл бол “Жангар” цомог юм.
-“Хөсөгтөн” гэсэн нэрийг сонсоход өөрийн эрхгүй монгол ахуй санаанд буудаг. Энэ нэрийг хэрхэн сонгож, өгч байсан бэ?
-“Нууц товчоо”-нд Хөсөгтөн гэдэг нэр гардаг юм. Тухайн үед манай хамтлагийнханд энэ нэр төдийлэн таалагдаагүй. Би багийн ахлагчийн хувьд нэрийг зөөлрүүлэх жаахан бодлого явуулсны хүчинд энэ нэрийг эцэслэн сонгож байлаа. Нэрээ бодож байхдаа бүжиг дэглээч Даваахүү гуайгаас хүртэл асуусан удаатай. Энэ нэр маань уг нь их утга агуулгатай. Монголчууд нүүдэлчин удамтай. Бидний өвөг дээдэс хөсөг тэргэнд гэрээ ачаалаад алсын алсад нүүдэлдэг байсан шүү дээ. Одоо хэдийгээр техник технологи хөгжөөд энэ уламжлал мартагдсан ч бид үндэсний өв соёл, язгуур урлагаа хөсөг тэргэндээ ачаалаад дэлхийд таниулж байгаа нь гайхамшиг юм.
-Хамтлагийн уран бүтээлээс гадна та ҮУИТ-д 20 гаруй жил ажилласан гэдэг байх аа?
-Би хамтлаг байгуулахаас өмнө театрт 20 жил ажилласан. Энэ хугацаанд Ардын багш С.Дуламын цомнол, гавьяат жүжигчин Г.Энхгэрэлийн найруулгаар “Хөмөргөн гурвалжин” этно балет, хөөмийгөөр анхны дуурийг хийсэн гээд олон том төсөл дээр ажиллаж байлаа. “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн хувьд ЮНЕСКО-ийн тайзан дээр тоглосон анхны бүрэн хэмжээний бүжгэн жүжиг болсон. Энэ бүхэн минь багаасаа л ардын, язгуур урлагтай ойр байсны хүч гэж би боддог. Хөөмий анх ардын дуутай л хосолдог байсан бол 2004 онд СУИС-д анхны хөөмийн ангийг нээж, танхимаар боловсрол олгож эхэлсэн. Энэ нь 2017 онд хөөмийн дуурь тавихад их түлхэц, хүч болж өгсөн.
-Ямар үед үндэсний урлагаараа, хамтлагаараа хамгийн их бахархаж байсан бэ?
-“Хөсөгтөн” хамтлаг 2011 онд Английн Альберт Холлийн том тайзан дээр тоглосон түүхтэй. Энэхүү тайз нь дэлхийн бүхий л уран бүтээлчдийн очиж тоглохсон гэж хүсдэг цөөхөн тайзны нэг нь юм. Бид тэрхүү тайзан дээр монгол язгуур урлагаа үзүүлсэн азтай уран бүтээлчид. Учир нь 1894 онд нөхрөө нас барахад Алберт Холлийн эхнэр нь энэхүү театрыг эзэн хааны нэрэмжит болгосон юм билээ. Энэ үеэс дэлхийн сонгодог урлагийн сор болсон уран бүтээлчид л энэ тайзан дээр тоглодог байсан. Гэтэл 2011 онд анх удаа үндэсний язгуур урлагийн хамтлаг уран бүтээлээ хүргэсэн юм. Энэ үед монгол хүн болсноороо, “Хөсөгтөн” хамтлагаараа хамгийн их бахархаж, омогшиж байлаа.
-“Хөсөгтөн” хамтлагийн ойрын хамгийн том зорилго гэвэл юуг онцлох вэ?
-Дэлхийн шилдэг симфони оркестиртэй тайзан дээр тоглохсон гэсэн ойрын хүсэл бий. Бид энэ зорилгоо биелүүлнэ гэдэгтээ эргэлздэггүй. Учир нь “Хөсөгтөн” хамтлагийн хувьд дэлхийн хэмжээнд яригдаж л байгаа бол энэ хүсэл маань цаг хугацааны л асуудал. Энэ хүслээ биелүүлснээр монголчуудын энэ агуу өв соёл нь дэлхийнх юм шүү гэдгийг бид батлах том шалтгаан юм.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин