Нийслэлд 3х3 сагсан бөмбөгийн талбай шинээр байгуулах ажлыг эхлүүлэхээр байршлуудыг урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Хот байгуулалт, хөгжлийн газраас 9 дүүргийн 118 байршилд олон улсын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинээр байгуулахаар санал оруулсан.
Энэ жил нийслэл, дүүргийн төсөв, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 59 байршил дахь 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөжээ. Эх үрсийн баярын өдөр Сүхбаатарын талбайд болсон “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулах болсныг мэдэгдсэн юм.
Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгах ажил үргэлжилж байгаа. Тэгвэл гарааш чөлөөлсөн байршлуудад 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах саналыг дүүргүүдээс ирүүлжээ.
Тухайлбал, Баянгол дүүрэг гарааш чөлөөлсөн дөрвөн байршилд, Баянзүрх дүүрэг дөрвөн байршилд, Чингэлтэй дүүрэг нэг байршилд тус бүр сагсан бөмбөгийн талбай байгуулах саналыг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн байна.
Саналын дагуу уг 9 байршлын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан талаар Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.