ХЭҮК-ын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томиллоо

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүнээр С.Дондов, тус комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр Я.Цэлмэн нарыг томиллоо.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ХЭҮК-ын болон комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулжээ. ХЭҮК-ын сонгон шалгаруулалтад гурав, комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд зургаан оролцогч материалаа ирүүлсэн байна. Үүнээс хууль, журмын шаардлага хангасан таван оролцогчыг бүртгэн сонгон шалгаруулалт явуулж, хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг шалгаруулсан байна.

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Ядамжавын Цэлмэн: 2008 онд Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт Мөрдөн байцаагч, 2008 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт Мөрдөн байцаагч, 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах 2 дугаар тасагт Мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. 2012 оноос ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багшаар ажиллаж байжээ. Тэрбээр, 2006 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2016-2018 онд ДХИС-д Хууль сахиулах удирдлагын академи магистр, 2021 онд ДХИС-ийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурлаар Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

ХЭҮК-ын гишүүн С.Дондов: 1984-1989 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч, АНУ-ын Сандиего хотын Institute for Peace and Justice-ийн Хүний эрхийн зөрчилтэй асуудалд дүн шинжилгээ хийх сургалт, Тайландын Бангкок хотын Chulalongkorn University-д хүний эрхийн ээлжит сургалтад 2004, 2007, 2018, хамрагдан хүний эрхийн мэдлэгээ дээшлүүлсэн байна. 2009, 2014 онуудад Норвегийн Осло болон Өмнөд Солонгосын Сөүл хотуудад Хүний эрхийн  асуудлаар зохион байгуулагддаг ээлжит сургалтуудад Форум Азийн дэмжлэгээр оролцож, хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хамгаалах талаар мэдлэг, туршлагаа дээшлүүлжээ.1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 2002-2010 онд Хүний эрх хөгжил төв ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч, 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажилласан байна.

Сэтгэгдэл бичих