/Xinhua/. Канадын Төв банк лхагва гарагт бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөж, жишиг хүүг 1.5 хувьд хүргэнэ хэмээн мэдэгдлээ. Тус улсын Төв банк ийнхүү энэ онд гурав дахь удаагаа бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэдгээ зарлаж байгаа юм.
Канадын инфляцийн түвшин 4 дүгээр сард 6.8 хувь байсан нь зорилтот 2 хувиас хол давсан үзүүлэлт болсон бөгөөд ойрын хугацаанд инфляц өсөх хандлагатай байгаа талаар Төв банк мэдэгджээ.
Мөн тус улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 3.1 хувиар өссөн бөгөөд хэрэглээний хийгээд экспортын өсөлтийн нөлөөгөөр хоёрдугаар улиралд ч өсөх төлөвтэй байна.
Канад улсад 2020 оны эхээр цар тахал дэгдсэний дараа тус улсын Төв банк жишиг хүүгээ 1.75 хувиас 0.25 хувь болгон бууруулсан.
Улмаар энэ оны 3 дугаар сард 0.25 хувиар, 4 дүгээр сард 0.5 хувиар нэмэгдүүлж бодлогын хүүг 1 хувьд хүргээд байв.