/BBC/. Английн хөл бөмбөгийн "Челси" клубийг АНУ-ын хөрөнгө оруулагч Тодд Боли тэргүүтэй консорциум 4.25 тэрбум фунт стерлингээр худалдан авчээ. Тус клубийг өмнөх эзэн Роман Абрамовичийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой хэмээн хориг арга хэмжээ авсны дараа гуравдугаар сард худалдаанд тавьсан юм.
Энэ хугацаанд “Челси” улсын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ нь тавдугаар сарын 31-нд дуусгавар болжээ.
Болигийн консорциум нь шинэ эзэн болохыг хүсэж байсан 11 хүчтэй өрсөлдөгчийг ялсан байна. "Хөл бөмбөгийн “Челси” клубийн шинэ эзэд болох нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Хөгжөөн дэмжигчид биднээр 100 хувь бахархаасай гэж бид бүгд хүсэж байна" гэж Боли хэлжээ.
Их Британийн Засгийн газар гэрээний нөхцөлийн дагуу Путиний дэглэмтэй холбоотой хэн ч, тэр дундаа клубийн хуучин эзэн Роман Абрамович үүнээс ашиг авахгүй гэдгийг нягталсныхаа дараа өнгөрсөн долоо хоногт клубийг худалдах зөвшөөрөл олгосон байна.
Клубийг худалдсанаас олсон орлогыг банкны тусгай дансанд байршуулан түр царцааж, дараа нь Украины дайны хохирогчдод тусламж үзүүлэх буяны байгууллагуудад шилжүүлэх аж.
“Челси”-гийн шинэ эзэд хэн бэ?
Хэд хэдэн оролцогч талууд энэ клубийг худалдаж авахыг хүссэн ч “Челси” Боли тэргүүтэй консорциумд худалдахаар тохиролцжээ. Энэ нь Калифорнийн хөрөнгө оруулалтын хувийн компани болох “Clearlake Capital”-ын хувьд хөл бөмбөгийн спортод оруулж буй анхны хөрөнгө оруулалт юм.
Гэхдээ өдгөө 48 настай Тод Боли нь спортын бизнест шинэ хүн биш юм. Тэрбээр бейсболын дэлхийн цуврал тэмцээний долоон удаагийн аварга “Лос-Анжелес Доджерс”, эмэгтэй сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Спаркс” баг, НБА-гийн франчайз баг болох “Лос-Анжелес Лэйкерс”-ийг хамтран эзэмшдэг.
Боли мөн Брюс Спрингстиний дууны эрх, бооцооны газар, сүлжээ ресторанд хөрөнгө оруулжээ. Бусад хөрөнгө оруулагчид нь Америкийн тэрбумтан Марк Уолтер, "Лейкерс" -ийн хувьцааг эзэмшигч, "Лос-Анджелес Доджерс"-ыг хамтран эзэмшигч, Швейцарын тэрбумтан Хансйорг Висс нар юм.
Эрин үеийн төгсгөл
Абрамович 2003 онд “Челси”-г 140 сая фунт стерлингээр худалдаж авсан юм. Клуб түүнд 2011-12 оны улирлын тоглолтод анх ашиг авчирч эхэлжээ. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд “Челси” Аваргуудын лигт хоёр, Премьер лигт таван удаа, "FA Cup" -д таван удаа, Европын лигт хоёр удаа, Лигийн цомын тэмцээнд гурван удаа түрүүлж, клубийн бүх томоохон цомыг хүртжээ.
2021 оны наймдугаар сард “Челси” УЕФА-гийн Супер цомд түрүүлж, хоёрдугаар сард Клубүүдийн дэлхийн аварга болсон билээ. Өнгөрсөн жилүүдэд Абрамович ахлах дасгалжуулагчаа 13 удаа сольсон бөгөөд түүний клуб тоглогч худалдан авахад 2 тэрбум гаруй фунт стерлинг зарцуулсан байна.
"Энэ клубийн нэг хэсэг байх нь миний хувьд маш том нэр төрийн хэрэг юм. Клубийн хуучин болон одоогийн бүх тоглогч, ажилтнууд, мэдээжийн хэрэг эдгээр гайхалтай жилүүдэд хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлье" гэж Абрамович хэлжээ.