Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хүсний аюулгүй байдлыг хангах ажлын багийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулжээ.
Тодруулбал, тус хуралдаанаар мах боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт, шалгалтын талаар холбогдох албаныхны мэдээллийг сонссон байна. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэхдээ, “Засгийн газраас цар тахлын дараах хүнд үед зарим төрлийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоохтой холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэхдээ хяналт дур зоргоороо ажиллаад байж болохгүй. Тиймээс хүнсний аюулгүй байдал, зам, дэд бүтцийн нөхцөл байдал, барилга байгууламж зэрэг иргэдийн өдөр тутмын ажил, аюулгүй байдалтай холбоотой хяналт шалгалтыг тогтмол хийж байх шаардлагатай” гэв.
Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг байна. Тус улс руу сүүлийн 3 жилийн хугацаанд адууны хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах 106 мянган тонныг экспортолж, 246 сая ам.долларын орлого олсныг ХХААХҮЯ-наас танилцуулсан гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.
Мөн хуралдаанд иргэдээс ирсэн гомдлын дагуу мэргэжлийн хяналтын байгууллага Сонгинхайрхан дүүргийн Эмээлтэд байрладаг “Эм Ди Си Пи” компанийн үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологийг шалгаснаа танилцуулжээ. Тус үйлдвэр мал эмнэлэг, аруйн цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, технолгийн үйл ажиллагааны бүртгэл хөтлөөгүй, дотооддоо хяналт тавьдаггүй, мэргэжлийн ажилтангүй гэдгийг тогтоосон байна. Тиймээс тус компанийн үйлдвэр эрхлэл үйл ажиллагааг зогсоож, хуулийн байгууллагаар шалгуулахаар хандсан байна.