Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнийн Өмнөговь аймгийн ажилтай танилцсан томилолтын дүнг хэлэлцжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 26-27-нд Өмнөговь аймгийн ажилтай танилцсан. Энэ үеэр “Оюутолгой” төслийн 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Ханбогд сумын Хөгжлийн төлөвлөгөөг баталсан байна. Ингэснээр тус сум нь орчин үеийн хот болох боломж бүрдэж буйг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Мөн Гашуунсухайтын боомтын шилжүүлэн ачих талбайн бүтээн байгуулалтын явцтай танилцсан гэдгийг УУХҮ-ийн сайд мэдээлэв. Уг талбайг байгуулснаар БНХАУ-аас галт тэргээр ирж буй барааг автомашин руу тээвэрлэх, цаашлаад нарийн царгийн төмөр зам руу чингэлэг шилжүүлэх боломж бүрдэх юм. БНХАУ 2026-2030 онд нүүрсний хэрэглээгээ бууруулах бодлого баримталж буй. Үүний улмаас Тавантолгой ордын олборлолтыг нэмэх шаардлага тулгарч буй юм. Тиймээс Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын болон Аж үйлдвэрийн сэргэлтийн бодлого харилцан уялдаатай хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, боомтын хүчин чадалтай уялдуулж, олборлолтын хүчин чадлыг нэмэх зайлшгүй шаардлага үүүссэн. Тиймээс Тавантолгойн ордын нөөцийг тогтоогоогүй, ТЭЗҮ боловсруулаагүй ил гурав, далд нэг уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого барьж буй аж.
Мөн Шивээхүрэн боомтод байгуулж буй чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцтай танилцсан байна. Монгол Улсад нүүрсний уртын тээвэр энэ сарын 25-нд эхэлсэн бөгөөд тээврийн тоо цаашид өсөх төлөвтэй байгаа юм. Тиймээс уг терминалын бүтээн байгуулалт чухал үүрэгтэй гэдгийг УУХҮ-ийн сайд онцоллоо.
Түүнчлэн Ерөнхий сайд Өмнөговь аймгийн залуучуудтай уулзахдаа Цагаан дэл уулын боомтын асуудлыг ярилцсан байна. Орон нутгийн иргэд энэхүү боомтыг байгуулахыг эсэргүүцэж байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд Өмнөговь аймгийн Хөгжлийн зөвлөл байгуулахыг үүрэг болгожээ. Тус зөвлөлд аймгийн ИТХ, ЗДТГ, Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой компанийн төлөөлөгч орох бөгөөд боомтын асуудлыг нарийвчлан хэлэлцэх аж.