Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн мөнгө угаасан байж болзошгүй хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн “Э” нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн “Trans.dep” системд шинэ сери задрахад азын дугааруудыг захиалагдсан болгон өөрчилж хууль бусаар зарж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн Баасан гарагт буюу тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн газарт нэгжлэг хийн, сэжигтэй гурван этгээдийг дайчлан баривчилсан байна.
Нэгжлэг болон гэрч, холбогдох этгээдүүдийн мэдүүлэг, Зам тээвэр, хөгжлийн яамны Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үзлэгийн үр дүн зэргээр мэргэжилтэн “Э” нь шинээр тээврийн хэрэгслийн улсын дугаар задрахад азын дугааруудыг системд захиалагдсан төлөвт оруулж, иргэн “Д” болон “Б” нараар дамжуулан автомашин худалдаалдаг ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр зарж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийн банкны данс руу шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн хууль бус ашиг олж мөнгө угаасан нь тогтоогдсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.