Депутатууд: Үндсэн хуулийг өөрчлөхөд ард түмний саналыг сонсох, голчлох хэрэгтэй

оруулсан Алсын Хараа

Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” цуврал гурван хэлэлцүүлэг зохион байгуулав. Үндсэн хуулийг өөрчлөхөд эрдэмтэн судлаач, хуульчид,  улс төрийн намуудын удирдлагуудын байр суурийг сонссон бол өнгөрсөн баасан гарагт Үндсэн хууль тогтоогчдын холбоотой хамтран 1992 онд ардчилсан Үндсэн хууль батлалцсан Ардын их хурлын депутатуудын санал бодлыг сонслоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ үеэр тавдугаар сарын 5-ны өдөр “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриан дор Д.Сүхбаатарын талбайд болсон тайван жагсаал цуглаанд оролцсон иргэдийг төлөөлөн 100 мянган иргэнээс таван заалт бүхий шаардлага,  энэ сарын 16-ны өдөр улс төрийн 20 гаруй намын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгээс гурван заалт бүхий шаардлага гаргаж УИХ-ын  дарга Г.Занданшатарт ирүүлсэн талаар хэлэв. Санал, шаардлагыг  Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, Байнгын хороо 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоороо сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд болон иргэдийн тавьж буй санал, шаардлагыг судалж, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг цуврал хэлэлцүүлгүүд дууссаны дараа дүнг нэгтгэн Их Хуралд танилцуулах талаар  дурьдлаа. Түүнчлэн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тус нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцооны болон, хүн амын тоонд харьцуулан Их Хурлын гишүүний төлөөллийг нэмэгдүүлэх зохицуулалтыг орхигдуулсан, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан, парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр хавсран гүйцэтгэгч болох Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулсан гэсэн санал, шүүмжлэл сүүлийн үед гарч байна. Тиймээс улс төрийн намуудын болон УИХ-ын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжиж, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” жагсаал цуглаанд оролцсон иргэдийн төлөөллөөс ирүүлсэн санал, шаардлагатай холбогдуулан эхний ээлжинд цуврал хэлэлцүүлэг хийж буйг тэмдэглэлээ.

Дараа нь хүрэлцэн ирсэн Ардын Их Хурлын депутатууд сонгуулийн тогтолцооны талаар болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар санал бодлоо илэрхийллээ. Нийтдээ 22 депутат үг хэлсэн юм. Тэдний төлөөллийн байр суурийг хүргэе.

АИХ-ын депутат Ш.Шагдарсүрэн: АРД ТҮМНИЙ ОРОЛЦОО, ХЯНАЛТЫГ ХАНГАХ АСУУДЛУУД ЯРИГДААСАЙ

-Үндсэн хуулийн өөрчлөхөд нэлээн ярилцах хэрэгтэй. Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулаад буцаасан. Үндсэн хууль бол салбар хууль биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн төр ард түмний хоорондын гэрээ болохоос нам, төрийн зүйл биш юм. Үндсэн хуулийг өөрчлөхөд ард түмний саналыг сонсох, голчлох хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөн дээр Сонгуулийн тогтолцоотой холбоотой холимог систем болгохоор ярьж байна. Үүнийг дэмжиж болно. Харин парламентын хоёр танхимтай байя гэдгийг дэмжихгүй. Энэ бол хэцүү. Нэг танхимаа хянаж чадахгүй байхад хоёр танхимын хэрэг алга. Ард түмний хяналт байхгүй болсон. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх талаар ярьж байна. Миний бодлоор тоо цөөдөөгүй. Ер нь Үндсэн хуульд ямар ч өөрчлөлт оруулсан ард түмний оролцоог хангах л чухал гэдгийг анхаарч үзээсэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард түмний оролцоо, хяналтыг хангах асуудлууд яригдаасай гэж хүсч байна. Ард түмний оролцоо байхгүй бол төр гэж үгүй.

 

АИХ-ЫН ДЕПУТАТ Д.ЛАМЖАВ: МАЖОРИТАР ТОГТОЛЦООНЫ МУУ ТАЛ ТОД ИЛЭРЧ БАЙНА

-УИХ-ын сонгуулийн мажоритар тогтолцооны муу тал тод илэрч байна. Асуудал байгаа нь үнэн байх. Сонгуулийн холимог тогтолцоо нь дээр юм байна.  Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт бол сонгуулийн тогтолцоог далимдуулж байгаа учраас маш болгоомжтой байх цаг үед амьдарч байна.Мөн чанартаа олон улсын нөхцөл байдал улам хурцдаж байна. Энэ нөхцөл байдлыг харж мэдрэхгүйгээр хамаагүй зүйл хийвэл бид захиргаадалтын муу тогтолцоо руу гулсан орох аюултай.

Үүнийг мартаж болохгүй. ОХУ болон өмнөд хөршид байдал тун чиг ойлгомжгүй болж байна. Энэ хоёр хөршийн нөлөө бий. Гэхдээ гурав дахь хөршөө мартаж болохгүй. Тэгэхээр ийм хэцүү цаг үед олон улсын нөхцөл байдлыг УИХ-ын гишүүд хэр мэдэж, ойлгож байна вэ. Үндсэн хуулийг өөрчлөхдөө нухацтай хандах хэрэгтэй. Ямар хэлбэрээр сонгуулиа явуулах вэ гэдгээ бодох нэг гарц байна.

 

АИХ-ЫН ДЕПУТАТ Д.БАНЗРАГЧ: НАМУУД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛЭХ, НЭГДЭХ ЗАМААР ТӨЛӨВШИЖ БОЛНО

-Улсын бага хурлаар Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцсэн. Аравдугаар сарын 15-ны өдөр хэлэлцэж байхад Гончигдорж санал оруулсан юм. Их хурлын гишүүдийн гуравны нэгийг пропорционалиар оруулья гэсэн ч дэмжигдээгүй. Үндсэн хуулийн төсөл сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулна гэж орж ирсэн. Ингээд хэлэлцүүлгийн үед дахиад пропорционалиар явуулах саналыг Э.Бат-Үүл гаргасан. Гэтэл энэ асуудлаар санал хураагаагүй.Дэлгэрэнгүй тэмдэглэл үзэх юм бол үг хэлсэн хүмүүс бүгд шууд сонгох дээр 100 хувь санал нэгдсэн. Үүнийг мэдэж аваасай. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ярих гол зүйл нь сонгуулийн тогтолцоо. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэж байгаа шалтгаан нь намуудын төлөвшил гэж байна. Гэтэл төлөвшөөгүй намаас  пропорциональ системээр хүн орж ирэх юм бол түүнээс дор зүйл болно. Хоёрдугаарт, нам үйл ажиллагаагаа бэхжүүлэх, хоорондоо нэгдэх гээд ямар ч аргаар төлөвшиж болно.

 

АИХ- ДЕПУТАТ, УБХ-ЫН ГИШҮҮН Р. ХАТАНБААТАР: АРД ТҮМНИЙ САНАА БОДЛЫГ СОНСОХ ЁСТОЙ

-Үндсэн хуулийг өөрчлөхдөө илүү нухацтай үндэслэлүүдийг гаргаж ирэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөд парламентад суудалтай намуудын байр суурь, үзэл бодол тод сонсогдох ёстой. Үндсэн хууль ард түмнээр хүлээн зөвшөөрөгдөхгүй бол эргээд улс оронд сайн сайхыг авчирдаггүй гэмтэй айхтар зүйл.

2000 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тухайн үед үүссэн улс төрийн өчүүхэн бэрхшээлийг даван туулах зүрх зориг хүрээгүй.

Шийдэлд хүрэх улс төрийн зүрх зориг байгаагүйгээс үүдэж яаран сандран өөрчлөлт хийсэн учраас ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөөгүй. Дордохын долоон өөрчлөлт гэсэн нэр хоч зүүгээд явсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэвэл заавал ард түмний санаа бодлыг сонсох ёстой. Үүний дараа ярьж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 108 (6840)

Сэтгэгдэл бичих