О.Анхбаяр: Хүүхдийн баяраар 3000 хүнтэй баярын парад алхана

оруулсан Алсын Хараа

НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн зохион байгуулалтыг орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан, оюуны өмчийг дээдэлж, монгол хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан техник, технологийн дэвшлийг шингээж, шинэлэг байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж буйг холбогдох албаныхан тодотголоо.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр “Энэ жил Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 70 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Манай улс 1952 оны зургаадугаар сарын 1-нд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг анх тэмдэглэсэн. Энэ жилийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр үндэсний брэнд болох “Мөнх тунх” хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг авч, “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээ зохион байгуулах юм. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа итгэл, урам өгч,  хүндэтгэл илэрхийлэх үүднээс хүндэтгэлийн парад зохион байгуулна. Баярын парадад төрийн болон төрийн бус байгууллагууд,  аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагууд оролцож,  3000 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн.

Түүнчлэн Монголын өв соёл, зан заншил, зүйг илэрхийлсэн  “Энх тунх-Мөнх тунх” үзүүлбэр болохын дээр бяцхан дуучин Энжи /А.Эрдэнэцэцэг/, “Том зургаан толгойт” болон орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болно. Хүүхэд багачуудын шимтэн сонсдог урлаг соёлын одод, бяцхан дуучид бүжигчид, жүжигчид, хүүхэлдэйн болон үлгэрийн баатруудын нэгдсэн тоглолтыг ирж сонирхоорой. Мөн эл өдөр Дэлхийн сүүний өдөр тохиож буй тул 10 мянган хүүхдэд сүү тарааж, кальцийн талаарх мэдээллийг хүүхдүүдэд түгээнэ. Сүхбаатарын талбай дээр тоглоомын хүрээ байгуулж ажиллахын дээр хүүхдийн тоглоом, байгууламж барьж байгуулна” хэмээн мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих