ОХУ, Монгол Улсын худалдааны эргэлт 5 тэрбум ам.долларт хүрэх боломжтой

оруулсан Алсын Хараа

Орос, Монголын худалдааны хөгжлийн хурдац 2026 он гэхэд хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээг 5 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавих боломжийг бидэнд олгож байна гэж Монгол дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч Максим Васильев Улаан-Үд хотноо болсон “Орос, Монгол. Шинэ бодид байдал дахь түншлэл” чуулга уулзалтын үеэр мэдэгдсэн байна.

“Манай хоёр улсын худалдаа [цар тахалтай холбоотой хязгаарлалтын дараа] хурдан сэргэх шинжтэй байгаа бөгөөд хангалттай их нөөцтэй, хөгжлийн чухал хөдөлгөгч хүчтэй” гэж М.Васильев онцолжээ.

Тэрбээр мөн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх гол үүрэг Монгол Улстай түүх, нийгэм, эдийн засгийн талаар гүн гүнзгий холбоотой, өмнө захаар Монголтой хиллэдэг Бүгд Найрамдах Буриад Улсад оногдож байгааг тэмдэглэсэн байна. Үүнээс гадна, хоёр талын худалдааг тэнцвэржүүлэх, чөлөөт худалдаа, банкны харилцан төлбөр тооцоотой холбоотой асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллах нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Чуулга уулзалтад оролцсон Монголын төлөөлөгчдийн тэргүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдэгдэхдээ, хоёр улсын хооронд санхүүгийн харилцааг хөгжүүлэх нь стратегийн ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, Монголын бизнес эрхлэгчид импортолсон бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг ОХУ руу шилжүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа аж. “Манай хоёр улсын хооронд төлбөрийн механизмын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг бид харж байна. Бизнесийн таатай үйл ажиллагаа явуулахын тулд бид санхүүгийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай байна" гэж Т.Жамбалцэрэн тэмдэглэжээ.

Буриадын тэргүүн Алексей Цыденов түүнтэй санал нийлж байгаагаа илэрхийлээд евро, доллар ашиглахгүйгээр "рубль-төгрөгөөр" буюу үндэсний валютаар харилцан төлбөр тооцоо хийх нь маш чухал гэдгийг цохон тэмдэглэжээ. “Энэ асуудлыг шийдвэл хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа эрс идэвхжинэ. Оросын талд рубль-төгрөгийн төлбөр тооцоонд шилжих эрмэлзэл байгаа бөгөөд Холбооны улсын түвшний холбогдох бүх удирдагч ийм эрмэлзэлтэй байгааг баталж байгаа гэж тэрбээр хэлсэн байна.

Эдийн засгийн хамтын ажиллагааны төлөв

2022 оны эцэст Орос, Монголын худалдааны эргэлт 2 тэрбум ам.долларын босгыг давж магадгүй байна. Ийм мэдээллийг Оросын эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Вольвач өгчээ. “Монгол Улс бол ОХУ-ын стратегийн маш чухал түнш юм. Сүүлийн үед Орос-Монголын худалдааны эргэлт хоёр оронтой тоогоор нэмэгдэж байгаа бөгөөд 2022 оны эцэс гэхэд хоёр тэрбум ам.долларын босгыг давна гэж хүлээх бүх үндэслэл бий” гэж тэрбээр мэдээлсэн байна.

Монголын уламжлалт экспорт, тэр дундаа арьс шир, ноолууран бүтээгдэхүүн, хивс, түүнчлэн мах, махан бүтээгдэхүүн, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн ОХУ-ын зах зээлд маш ирээдүйтэй. ОХУ ч мөн Монгол руу эрчим хүчний эх үүсвэр, металл, мод, машин механизм, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж Д.Вольвач хэлжээ. "Харилцан ашиг сонирхлын хүрээнд Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах, түүнийг эхлүүлэхэд тээвэр, цахилгаан эрчим хүч, аж үйлдвэрийн гаалийн зохицуулалт, байгаль орчны хамгаалал, шинжлэх ухаан, аялал жуулчлалын чиглэлээр 30 гаруй төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улстай хийж буй худалдаа, эдийн засгийн харилцааг ОХУ-ын 72 бүс нутаг дэмжиж байна" гэж Эдийн засгийн хөгжлийн дэд сайд нэмж хэлэв.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшиний хэлснээр, хоёр тал одоогоор стратегийн түншлэлийн бүхий л боломжийг идэвхтэй ашиглаж чадахгүй байна. "Монгол Улсын гадаад худалдааны эргэлтэд ОХУ-ын эзлэх хувь ердөө 12 хувьтай байгаа бол БНХАУ-ынх 60 гаруй хувьтай байна. Бид Сибирь, Алс Дорнодын бүс нутаг руу Монголын уламжлалт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг илүү ихээр экспортлох хүсэлтэй байна” гэж тэрбээр хэлээд гаалийн өндөр татвар саад бэрхшээлийг бий болгож байгаа бөгөөд үүнийг оновчтой болгох шаардлагатай байгааг тэмдэглэжээ.

Д.Вольвач хариуд нь Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд /ЕАЭХ/ ажиглагч улсын статус авах боломжийг сайтар судалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв. Тэрбээр ЕАЭХ болон Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдээд "энэ нь бүх гишүүн оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сайхан боломж" гэдгийг онцолсон байна.

Буриадын тэргүүн хэлэхдээ, Монголын нийслэл Улаанбаатар хот Оросын агаарын тээврийн компаниуд болон иргэдийн агаарын тээврийн зангилаа болох боломжтой гэжээ. “Монгол Улстай агаарын харилцаанаас гадна, авто болон төмөр замын харилцаа шинэ ач холбогдол, шинэ боломжуудыг олгож байна. Учир нь Оросын эдийн засаг одоо Дорно зүг рүү эргэж байгаа тул Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай харилцах, түүнчлэн зүүн чиглэлээр дамжуулан бусад улс оронд нэвтрэх нь чухал болоод байна” гэж тэрбээр хэлжээ.

"Орос-Монгол. Шинэ бодит байдал дахь түншлэл" нэртэй чуулга уулзалт энэ сарын 27-28-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болсон юм. Чуулга уулзалтын үеэр Монгол, Оросын эдийн засгийн гадаад үйл ажиллагааны зохион байгуулалт, хоёр орны аялал жуулчлалын харилцан солилцоог хөгжүүлэх хэтийн төлөв, тээвэр, ложистикийн харилцааг өргөжүүлэх, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээлч чиглэл, хөдөөд аж ахуйн аж үйлдвэрийн цогцолбор дахь түншлэл, боловсрол, барилгын салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ.

Сэтгэгдэл бичих