Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 5.3 их наяд төгрөг болжээ

оруулсан Алсын Хараа

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 их наяд төгрөг боллоо. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 417.9 (8.6 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 371.3 (8.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны эхний 4 сарын байдлаар 5.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 292.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.Төсвийн алдагдал өмнөх сарынхаас 86.9 хувиар багасжээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2022 оны 4 дүгээр сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 148.5 (13.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 100.6 (7.3 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.

Улсын нэгдсэн төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 8.5, тогтворжуулалтын сангийн орлогынх 5.5 нэгж хувиар нэмэгдэж, татварын бус орлого 8.7, ирээдүйн өв сангийн орлого 5.3 нэгж хувиар багасав. Татварын нийт орлого энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 770.5 (20.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд бусад татварын орлого нөлөөлжээ.

Татварын нийт орлого 2022 оны 4 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 191.8 (13.9 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд орлогын албан татварын орлого 484.1 (58.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 107.4 (82.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 66.6 (42.1 хувь) тэрбум, бусад татварын орлого 63.6 (41.2 хувь) тэрбум, онцгой албан татварын орлого 10.4 (21.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 4 сард 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 173.2 (3.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Зарлагын өсөлтөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 194.5 (7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Сэтгэгдэл бичих