Олон нийттэй харилцах төвд ирсэн нийт өргөдлийн 74.9 хувьд хариу өгөн шийдвэрлэжээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр ажиллаж үйл ажиллагаатай танилцан иргэдтэй уулзав. Тодруулбал, тэрбээр ЭМЯ-нд ирсэн 344, ХХААХҮЯ-ны 23, НХХЯ-ны 204, Сангийн яаманд 109, ЗТХЯ-д 133, татварын байгууллагад 65 иргэн хандан санал хүсэлт явуулсантай танилцав. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газарт буюу нийслэлтэй шууд холбоотойгоор иргэдээс ирүүлсэн 2947 өргөдөл гомдолтой танилцаж хариу өгөн, төвд биеэр ирсэн иргэдтэй уулзлаа.

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өдөрт 500 орчим өргөдөл, гомдол, санал ирдэг байна. Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзахаар Орхон, Булган аймаг зэрэг хөдөө орон нутаг, алслагдсан дүүргүүдээс иргэд ирсэн байв. Тэд ихэвчлэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн асуудлыг хөндөж, эм, эмийн хэрэгслийн хангамж, нөөц, ипотекийн зээл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах, Улаанбаатар хотын газрын асуудал, барилгын чанар, аюулгүй байдал, Улсын комисст ажилладаг төрийн албаныхны хүнд суртал, авлига, үнийн өсөлт зэрэг олон чиглэлээр асуулт асууж, тодрууллаа. 16 жилийн турш газрын асуудлаа шийдүүлж чадахгүй, цөхрөнгөө барсан иргэд ч өнөөдөр ирж уулзав. Шадар сайд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болох МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, Стандарт хэмжил зүйн газар, Үндэсний хэмжил зүйн төвийн удирдлагууд тухайлсан асуудлаар хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, заримыг нь холбогдох газраар шийдвэрлүүлэх хугацаат үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр, "Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд иргэнээ сонсдог, нээлттэй засаглалыг ард түмэн хүсэж байна. Эргэж хараад умартдаг бус, нэг ч гэсэн асуудлыг нь шийдэхийн төлөө эцсээ хүртэл явах хэрэгтэй. Хэмнэлтийн горимын бодлогыг манай агентлагууд сайтар дэмжин хэрэгжүүлж байгаа шиг энэ тал дээр ч манлайлж ажиллах ёстой" хэмээн хэлсэн юм. Түүнтэй хамт өнөөдөр УБЕГ, ШӨХТГ-ын удирдлага Олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагаатай танилцан иргэдтэй уулзав.

Олон нийттэй харилцах төв 4 дүгээр сарын 1-нээс хойш хугацаанд нийт 6465 гомдол, 1677 санал, 2098 хүсэлт, 358 талархал, 112 шүүмжлэл, нийт 10.710 иргэний мэдээллийг хүлээн авч холбогдох байгууллагуудад шилжүүлэн уламжилж, 23029 иргэнд лавлагаа үзүүлэн үйлчлээд байна. Шилжүүлсэн нийт өргөдлийн 74.9 хувийг шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих