Сармагчны цэцэг өвчний үед туурах, халуурах, толгой, булчин, нуруу өвдөх шинж илэрнэ

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн салбарынхан олон улсад бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тандалт хийх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийн харилцаа холбоог идэвхжүүлэх төлөвлөгөө гаргаж байгаа талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан мэдээллээ.

Тэрбээр, "Эхний ээлжинд хилийн нэвтрэх цэгийн тандалтыг сайжруулах, нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл өгөх, эмч эмнэлгийн ажилчдыг сургах хариу арга хэмжээг идэвхжүүлж ажиллана. Мөн бэлэн байдлыг хангах чиглэлээр төлөвлөгөө гаргасан. Түүнчлэн эрсдэлийн үеийн үнэлгээ хийж харьяа эрүүл мэндийн байгууллага, зорилтот бүлэгт мэдээлэл хүргэх юм. Халдварт өвчин батлагдсан тохиолдолд тухайн хүнийг хамгийн багадаа 14 хоног тусгаарлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тууралт бүрэн эдгэх хүртэл тусгаарлагдах хэрэгтэй. Энэ чиглэлээр хилийн боомтынхон болон эмнэлгийн ажилчдад мэдээлэл өгнө" гэв.

Энэ өвчний үед тууралт гарах, халуурах, толгой, булчин, нуруу өвдөх зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэг. Тиймээс ч тууралтат болон халуурах хам шинж ажиглагддаг өвчнийг ялган оношлох ажлыг идэвхжүүлнэ гэдгийг тодотгов.

Салхин цэцэг туссан үед дээрх шинж тэмдэг ажиглагддаг. Тиймээс гаднын улс орноос ирж буй иргэдийн халууныг нь үзэж тухайн хүн салхин цэцгийн вакцин хийлгэсэн үү, үгүй юу гэдгийг асууж эрүүл мэндийн мэдүүлэг хуудас авна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь чухал. Хэрвээ тууралтын шинж тэмдэг ажиглагдвал эмч, эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатайг хэллээ. Мөн тууралт гарвал хариу арга хэмжээг авч ажиллах хэрэгтэйг санууллаа.

Сэтгэгдэл бичих