Дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болох Финланд улсын 46 дахь Ерөнхий сайд Санна Мирелла Мариныг танилцуулж байна. Тэрээр улс төрийн карьераа 20 настайдаа эхлүүлсэн ба Ерөнхий сайд болохоосоо өмнө Финландын Тээвэр, харилцаа холбооны сайдаар ажиллаж байжээ.
Санна Марин нь 1985 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Финланд улсын нийслэл Хельсинки хотод төржээ. Түүнийг бага байхад эцэг эх нь салж, эх нь өөр дээрээ авч өсгөж хүмүүжүүлсэн байна. Тэрээр Пирккала хотын ахлах сургуулийг 2004 онд 19 настайдаа төгссөн бөгөөд түүний улс төрийн карьер 20 настайд нь буюу ахлах сургуулиа төгссөнөөс жилийн дараа эхэлжээ.
Тодруулбал, Санна Марин Финланд улсын Залуучуудын Социал Демократ намд 2006 онд гишүүнээр элсэн орж, улмаар 2010-2012 онд намынхаа дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Тэрээр Финландын Тампер хотын Тампер их сургуулийг удирдлагын шинжлэх ухаан мэргэжлээр бакалавр, магистрын зэргээ тус тус хамгаалжээ. Санна Марин өөрийн сургалтын төлбөрөө олохын тулд нарийн боовны газар сурахын хажуугаар ажилладаг байв.
Тэрээр эхэндээ Тампер хотын зөвлөлийн гишүүний сонгуульд өрсөлдсөн боловч хараахан сонгогдож чадсангүй. Гэвч дахин 2012 оны сонгуулиар өрсөлдөж Тампер хотын зөвлөлд сонгогдсон юм. Улмаар хотын зөвлөлийн даргын албан тушаалд 2013 онд сонгогдож ажиллахаар болов. Энэ үеэс түүний улс төрийн карьер амжилттай, шат шатаар дээшилсэн юм. Тодруулбал, 2014 онд Социал Демократ намын дэд дарга болж, 2015 онд Пирканмаа дүүргээс Финландын парламентад нэр дэвшиж сонгогджээ. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр Санна Марин Финланд улсын Тээвэр харилцаа холбооны сайдын албан тушаалыг хашихаар болж байв.
Мариныг 2019 оны арванхоёрдугаар сард Социал Демократ намаас Финландын Ерөнхий сайдаар Антти Риннегийн орыг залгамжлахаар дэвшүүлсэн юм. Ингэснээр тэрээр 34 насандаа Финландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болсон байна.
Санна Марин 2018 онд анхны хүүхдээ төрүүлсэн бөгөөд 2020 онд Маркус Райкконентой сүй тавьжээ.