Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалаар яригдсан ажлууд хэрэгжиж эхэллээ

оруулсан Алсын Хараа
БНХАУ-ын Эрээн хот  эрчим хүчний нүүрсний задгай тээврийн экспортыг зөвшөөрлөө. Өнөөдөр Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 2022 оны 5-р сарын 20-ны өдрөөс эхэлж, задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргажээ.
Үүнээс өмнө 5-р сарын 13-нд Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас Хөх хотын Төмөр замын товчоо группт албан бичиг явуулж, эрчим хүчний нүүрсний импортыг задгай вагоноор тээвэрлэхийг зөвшөөрч байгааг мэдэгджээ. Уг албан бичигт,
“Цар тахлын нөлөөг бууруулах, нүүрс импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг багасгах зорилгоор Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас дараахь шийдвэрийг гаргаж байна. Энэхүү мэдэгдэл гарсан өдрөөс эхэлж, Эрээн хотын төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн болно” гэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлал хийхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай   албан ёсны уулзалт хийж хэд хэдэн асуудлыг тохиролцсон. Тухайлбал, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай тохиролцсон юм. Энэ яриа ажил хэрэг болж өнөөдрөөс БНХАУ-ын Эрээн хот руу задгай тээврээр нүүрс тээвэрлэх боломжтой боллоо. Ингэснээр манай улсын нүүрсний экспорт нэмэгдэнэ. Удаан хугацаанд хил хаалттай байснаас гадна чингэлэг тээврээр нүүрс тээвэрлэснээс үүдэн нүүрсний экспорт саараад байсан юм.
Мөн Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай идэвхитэй хамтран ажиллахаар айлчлалын үеэр тохиролцсон.  Энэ хүрээнд Ханги-Мандалын төмөр замын ажил эхэлж, энэ онд багтаж тус төмөр зам ашиглалтад орох юм. Ийнхүү Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн гарч эхэллээ.
Д.Дандархүү

Сэтгэгдэл бичих