Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ТОП-100 ААН-үүдэд шагнал гардууллаа

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Засгийн газар, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас жил бүр хамтран зохион байгуулдаг ТОП-100 ААН-ийг эрэмблэн нийгэм, олон нийтэд өргөмжлөн алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагаа Төрийн ордны ёслолын өргөөнд албан ёсоор эхэллээ.

Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч буй шилдэг ААН-үүдэд цом гардуулах ёслолыг ажиллагааг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нээж хэлэхдээ, “2021 оны ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого өмнөх оноос 2.8 их наяд төгрөгөөр өсөж, 35.4 их наяд төгрөгт хүрсэн”-ийг онцоллоо. Энэ нь ДНБ-ийн 80 хувьтай дүйцэж буйг тэрбээр тодотгов.

Мөн ажиллагчдын тоо 8.3 мянгаар нэмэгдэж, 99 мянгад хүрчээ. Энэ нь нийт ажлын байрны 8.8 хувийг эзэлж байна. Нийт төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 26 хувиар өсөж, 5.3 их наяд төгрөгт хүрсэн амжилтаар өнгөрсөн оныг үдсэнийг тэмдэглэн хэлж байна. Эдийн засаг, бизнесээ сэргээхэд амаргүй жилүүдийг туулж, ажлыг байрыг хадгалж, хөрөнгө оруулалт хийн, бүтээн байгуулалтыг эхлүүлж, баялаг бүтээн, үйл ажиллагаагаа тасалдуулалгүй, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь оруулан нэлээдгүй хүнд сорилыг давж ирснийг онцоллоо.

Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, ТОП-5 АА-ийн удирлагуудад хүндэтгэл үзүүлэн, өргөмжлөл гардуулав. ТОП-100 ААН-ийн эхний 10 компанид:

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ,
  • "Оюу толгой" ХХК,
  • "Эрдэнэс таван толгой" ХК,
  • ХААН банк,
  • Голомт банк,
  • УБТЗ,
  • ХХБ,
  • Төрийн банк,
  • НИК,
  • “Энержи ресурс” тодорлоо.

Ёслолын үеэр СЗХ ТОП 100 ААН-д бонд гаргахад нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Ёслолд Ерөнхий сайД Л.Оюун-Эрдэнэ, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Монголбанкны ерөнхийлгөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын удирдлага, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нар оролцов.

ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг юм.

Сэтгэгдэл бичих