Шүүхээс өмгөөлөгч Б.Баасанцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг анх дөрөвдүгээр сарын 7-ны өдөр нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж, улмаар тавдугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн”, мөн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих хугацааг дахин нэг сараар буюу зургаадугаар сарын 7-ны өдрийг хүртэл сунгаад байсан юм.
Харин түүний өмгөөлөгчид тухайн цагдан хорих шүүхийн шийдвэрт тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан, гомдлыг ханган шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, Б.Баасанцогтын өмгөөлөгч нарын гомдлыг шүүхээс хянасны үндсэн дээр урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгадаг.
Сануулахад, Б.Баасанцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг / Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын шатанд хэргийг хянаж буй.
Мөн дөрөвдүгээр сарын 8-наас өмнө түүнийг экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэрэгт шалгуулж буй таван хүнд галт зэвсэг нийлүүлсэн байж болзошгүй үйлдэлд холбон 48 хугацаанд баривчилсан бөгөөд улмаар шүүхээс дээрх хуулийн дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.