/NHK/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ БНАСАУ-д коронавирусний халдварын дэгдэлтээс үүдэн ноцтой үр дагавар гарч болзошгүйд санаа зовниж буйгаа мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ улс орондоо коронавирусний халдварын анхны тохиолдлууд илэрсэн талаар мэдээлсэн юм. Пёньяны зүгээс өнөөдөр мэдээлснээр, улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын сүүлээс хойш 1.71 сая гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн байна.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ БНАСАУ-ын иргэд коронавирусний вакцинд хамрагдаагүй байгааг цохон тэмдэглээд, архаг хууч өвчтэй хүн олон байгаа нь өвчтөнүүдийн биеийн байдал хүндрэх, улмаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцолжээ.
Мөн тэрбээр ДЭМБ халдварын мэдээллээ хуваалцахыг БНАСАУ-аас хүссэнээс гадна оношлуур, амин чухал эм тариа, вакцин зэргээр тусламж дэмжлэг үзүүлэх санал тавьсан байна. ДЭМБ-ын цахим хуудасны мягмар гаргийн мэдээллээр БНАСАУ-д халдвар авсан, нас барсан, вакцинд хамрагдсан хүмүүсийн тоо “0” байгаа бөгөөд тус байгууллага холбогдох мэдээллийг цуглуулж байгаа ажээ.