Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийг 2024 онд бүрэн дуусгана

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийг 2024 он гэхэд бүрэн дуусгахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болгосон байна.

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт төр, хувийн хэвшлийн 1200 гаруй тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд үүнийг хоёр үе шаттай шинэчлэх аж. Өнгөрсөн оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр авахаар тусгасан ч цар тахлын нөхцөл байдал, тээвэр логистикийн хүндрэлээс үүдэн хойшлоод байсан. Харин өнөөдөр эдгээр автобус Замын-Үүд болон Эрээний боомтод ирсэн бөгөөд татан авалтыг эхлүүлсэн байна. Мөн хүүхдийн 75 автобус хил дээр ирсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Тэрбээр, “Хотын нийтийн тээврийн ачааллыг хэвийн явуулахад 1432 автобус шаардлагатай. Эдгээр автобусны 50 хувийг энэ онд, үлдсэн 50 хувийг 2023-2024 онд шинэчлэхийг Ерөнхий сайд чиглэл болголоо. Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж буй автобусны 975 нь энэ оны төгсгөлд ашиглалтаас хасагдана. Өөрөөр хэлбэл, 10 жилээс удаан хугацаанд ашигласан байна. Нийслэлээс нийт 591 автобусыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд 40 сая ам.долларын зээлийн эх үүсвэр шаардлагатай. Зээлийг автобусны ашиглалтаас төлж дуусахаар санхүүгийн схем гаргасан. Ирэх онд 299, 2024 онд 86 автобусыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай” гэв.

Энэ онд авах 591 тээврийн хэрэгслийн 110 нь цахилгаан, 410 нь дизель хөдөлгүүртэй, троллейбус 40, үлдсэн нь дунд оврын автобус байх аж. Эдгээр автобусыг энэ оны наймдугаар сарын 20-ны дотор татан авахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Сэтгэгдэл бичих