АМЕРИКИЙН ИНФЛЯЦЫН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ?

оруулсан Алсын Хараа

АНУ-ын инфляц 4-р сард 8.3% буюу төв банкны зорилтоос 4 дахин өндөр хэмжээнд хүрээд байна. Өнгөрсөн 7 хоногт шинэ статистик зарлагдсаны дараа нэртэй эдийн засагчид твиттер хуудсандаа байр сууриа илэрхийлж эхэлжээ.

Тухайлбал Нобелийн шагналт эдийн засагч Пол Кругман “Миний харж байгаагаар суурь инфляц 3.5-4%, харин ерөнхий инфляц ийм өндөр байгаа нь Украины асуудал болон нийлүүлэлтийн сүлжээний саатал зэрэг түр зуурын хүчин зүйлийн тусгал болж байна.  Инфляц хэт өндөр байгаа ч хүлээлт алдагдсанаас үүдсэн жолоогүй инфляц ажиглагдахгүй байна. Хэрэглэгчдийн судалгаанаас харахад дунд хугацаанд инфляцын хүлээлт тогтвортой хэвээр байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Харин Сангийн сайд асан Лоренс Саммерс “Цагаан ордон Украины асуудлаас болж газрын тосны үнэ өссөнөөр инфляц өссөн гэж байна. Гол шалтгаан биш. Украины дайн эхлэхээс өмнө инфляц 7.9% хүрсэн байсан” гэжээ.

Түүнчлэн суурь инфляц өндөр байгаа тул Төв банк зөөлөн газардахад анхаарах бус инфляцыг хязгаарлахын тулд шаардлагатай бүхнийг хийх хэрэгтэй гэсэн байна.

Мөн Кэмбрижийн их сургуулийн Мохамед Эл-Эриан “Нэг жилийн өмнө Холбооны нөөцийн банк инфляцыг 2021 оны төгсгөл гэхэд 2% орчимд тогтворжино гэдэгт итгэлтэй байсан. Өнөөдөр инфляц үүнээс нь 3-4 дахин давсан бөгөөд 2023 он хүртэл өндөр хэвээр байх төлөвтэй. Холбооны нөөцийн банк “зөөлөн газардалт”-т итгэж буй. Тэгнэ гэж найдъя. Үгүй бол маш өндөр эрсдэл” хэмээн жиргэжээ.

ОУВС-ийн хувьд инфляц дэлхийн бүх оронд сорилт болж байгааг онцолсон байна. Тухайлбал “АНУ болон Европын зарим оронд инфляц 40 гаруй жилийн дээд хэмжээндээ хүрээд байна. Өндөр инфляц өмнөх төсөөллөөс илүү урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй” гэж жиргэжээ.

Сэтгэгдэл бичих