Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун эмийн сангуудад эм бэлдмэл нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахын тулд цэргүүдийг дайчлах үүрэг өгчээ. Энэ талаар "Yonhap" агентлаг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээллээс эш татан уламжилсан байна.
Тус агентлагийн мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчоо тавдугаар сарын 15-нд яаралтай хуралдаж, коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Хурлыг Ким Жөн Ун даргалан явуулжээ. Хурлын үеэр тэрбээр Улс төрийн товчооноос бүх эмийн сангуудыг 24 цагийн хуваарьт шилжүүлж, улсын нөөцөөс эм бэлдмэл яаралтай нийлүүлэх” тушаал гаргасан ч энэ шийдвэр зохих ёсоор хэрэгжихгүй байгааг шүүмжилсэн байна.
БНАСАУ-ын удирдагч мөн "Ардын армийн цэргийн эмнэлгийн чиглэлийн хүчирхэг хүчийг оролцуулан Пёньян хотын эм бэлдмэлийн хангамжийг нэн даруй тогтворжуулах" зарлиг гаргасан гэж тэмдэглэжээ.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн хоногт БНАСАУ-д коронавирусний халдварын улмаас дахин найман хүн нас барсан байна. Ингэснээр, нас барсан нийт хүний тоо 50 болсон байна. Ням гарагт халуурах шинж тэмдэгтэй 392 920 тохиолдол бүртгэгджээ. Ийм өвчтөнүүдийн нийт тоо 1.21 саяд хүрсэн бөгөөд үүнээс дор хаяж 564 860 нь эмчлүүлж байгаа бол 648 630 гаруй нь бүрэн эдгэрсэн байна.
БНАСАУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн тухай KCNA агентлаг тавдугаар сарын 12-нд мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны Улс төрийн товчоо хуралдаж, Ким Жөн Ун оролцсон байна. Тэрбээр бүх хот, мужид хөл хорио тогтоохыг үүрэг болгожээ.