Манай улсын санхүүгийн зах зээлийн 80 гаруй хувийг эзэлдэг арилжааны банкуудыг олон нийтийн нээлттэй компани болгох талаар эрчимтэй ярьж байна.
Үйл явц нэгэнтээ эхэлсэн гэж хэлж болно. Учир нь “Богд банк” IPO хийж, хувьцаагаа гарган олон нийтийн банк болоод буй. Тодруулбал, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн хүрээнд арилжааны банкуудаас анх удаа дээрх банк хувьцаагаа олон нийтэд гарган нээлттэй хувьцаат компани болж банкны салбарын шинэчлэл эхэлсэн. Үүнийг хөрөнгө оруулагч нар урт хугацааны тогтвортой, шинэ хөрөнгө оруулалтын хэлбэр гарч ирж байна хэмээн хүлээн авсан юм. Тэгвэл яг дээрх хэлбэрээр “Голомт” болон ХААН банк хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахад бэлэн гэдгээ илэрхийлж, хүсэлтээ СЗХ-нд гаргаад байна.
Дээрх хоёр банк нь банкны салбарын, системийн нөлөө бүхийн 5 банканд ордог. Эдгээр банкийг энэ оны 6 дугаар сарын 30-нд багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат компани болох буюу IPO хийх төлөвлөгөөг хуулийн дагуу хэрэгжүүлж буйг Монголбанкны удирдлага мэдэгдэж байна. Гэвч энэ хугацааг ирэх оны 6 дугаар сарын 30 болгон хойшлуулах талаар УИХ хэлэлцсэн. Тодруубал, банкуудын нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих хугацааг сунгах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах хэлэлцэн шийдвэрлэх талаар саналаа ирүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоод буй. Хугацааг хойшлуулах, сунгах хоёр ялгаатайг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж, “Хугацааг хойшлуулах бус сунгаж буй явдал. Энэ нь банкуудад хувьцаагаа гаргахад бэлтгэн, активын чанарын үнэлгээг бүрэн хийлгэж, дотоодын болон олон улсын шаардлагыг бүрэн хангахад боломж өгөх ёстой”-г учирлаж байна.
Олон улсын жишгээс харахад IPO хийх зөвшөөрлөө авсан даруйд олон нийтэд энэ талаар мэдээлж, сурталчлах үйл явц явагддаг. Энд дор хаяж 1 сарын хугацаа шаарддаг байна. Энэ талаар Төв банкны зүгээс тайлбарлахдаа, “Энгийнээр хэлэхэд, IPO хийх нөлөө бүхий банкууд хөрөнгийн зах зээлийн жижигхэн хаалгаар орцгооно. Уг хаалга энэ оны 7 дугаар сарын 1-нд хаагдана. Түүнээс хойш IPO хийх асуудал байхгүй. Гэтэл одоогийн нөхцөл байдалд хаалгаараа ч багтахгүй төвөгтэй байдалд байгаа учраас хаалга хаах хугацааг ирэх оны 7 дугаар сарын 1 болгож сунгая гэж байна” хэмээн тодотгож байна.
Үүний өмнө активын чанарын үнэлгээг хийлгэсэн байх ёстой. Энэхүү үнэлгээг олон улсад АНУ-д болсон санхүүгийн хямралын үеэс хойш хэрэгжүүлэх болжээ. Энэ нь банкуудын барьцаа хөрөнгийг хэрхэн үнэлэхтэй холбоотой шаардлага аж. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орсноор энэхүү үнэлгээг хийж эхэлжээ.
Банкуудыг компанийн хэлбэрт оруулахад эхний ээлжинд томоохон 5 банк заасан хугацаанд заавал IPO хийсэн байх шаардлагатай. Аль нь ч бай банкуудын эх үүсвэр юунаас эхтэй, хэрхэн бүрдүүлсэн болон дутагдалтай эсэх нь чухал асуудал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ талын хяналт шалгалт, хэрэгжүүлэлтийн хөтөлбөр одоо ч гэсэн хэрэгжээд явж буйг тодотгов. Банкуудын хяналтыг олон улсын түвшинд хүргэх нь чухал байгааг Монголбанкны удирдлага тодотгосон. “Хууль гарсан, судалгаа хийж байна. Хуулийн хүрээнд зохицуулах шаардлагатай дүрэм журам гарч хэрэгжиж буй. Энд санхүүгийн сүүлийн тайлан, хөндлөнгийн аудит хийсэн байх 2 шаардлага тавигдаж буй” гэж Монголбанкны ерөнхийлөгч тэмдэглэн хэлэв. Үнэлгээ хийлгэхэд тайлангийн хугацаа чухал хүчин зүйл болон нөлөөлж буйг тэрбээр онцолсон юм.
ОУВС банкуудын IPO хийх хугацааг хойшлуулах саналыг манай улсад, тодруулж хэлбэл, Монголбанк, СЗХ зэрэг холбогдох байгууллагад өнгөрсөн намраас эхлэн тавьж ирсэн. Ингэхдээ чанарын үнэлгээг хийх шаардлагыг сануулсан. Үүнийг харин IPO хийхээс өмнө хийх үү, эсвэл дараа нь гүйцэтгэх үү, эсвэл зэрэгцэн хийх үү гэдэг дээр манай тал ОУВС-тай хэлэлцээд өмнө нь хийхээр тохиролцжээ. Гэвч энэ хугацаанд Орос-Украины хямралт нөхцөл байдал, мөн дотоодод Хөгжлийн банктай холбоотой өр зээлийн асуудал, мөн БНХАУ ковидтой холбоотойгоор хил, гаалийн хатуу бодлого барьж буй зэрэг олон эрсдэлт байдал гарч ирсэн. Эдгээр нөхцөл байдалд банкуудын гаргасан зээл хэр эрсдэлтэй байх вэ гэсэн асуудал гарч ирж байна. Ямартай ч Төв банкнаас УИХ-д хүсэлтээ тавиад байна. Ингэхдээ хувьцаа гаргах үйл явдцыг активын чанарын үнэлгээ болон дотоо аудиттай зэрэг хийх боломжтой байдлаар танилцуулж байна.
Банкууд чанарын үнэлгээ хийлгэхэд хэдий хугацаа шаардагддаг вэ гэсэн асуултад Төв банкны тэргүүн 2 сарын дотор амжиж хийх боломжтойг дуулгалаа. Энэ үүднээс эхний ээлжинд хүсэлт гаргаад буй “Голомт” болон ХААН банк 7 дугаар сарын 1-ний дотор хувьцаа гаргаж амжина. Чанарын үнэлгээ болон хөндлөнгийн аудит хоёрын ялгаа бий юу, юунд байгааг тодруулахад зөрөө байхгүйг хэлж байв.
Ташрамд дурдахад арилжааны банкууд хувьцаагаа олон нийтэд гаргахад хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөг эргэлдэх тооцоо гарчээ.