“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхлүүлэх санаачилга дэвшүүлэв

оруулсан Алсын Хараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж байна.

Монгол Улсын төрийн бодлогын цөм нь монгол хүн. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдал нь монгол хүний аюулгүй байдалтай шууд хамааралтай. Хүнээ хамгаалах, хүнээ хөгжүүлэхийн тулд хүнсээ сайжруулах ёстой юм. Иймд хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэх нь туйлын чухал гэдгийг Ерөнхийлөгч мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

Тэрбээр, “Дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр логистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн өсөлтөөс шалтгаалан хүнсний хангамж, аюулгүй байдал нь улс орон бүрийн өмнө нэн тулгамдсан асуудал болж байна. Энэ цаашдаа дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод томоохон эрсдэл учруулах хандлагатай байна. Өнөөдөр хүнс болон бордооны үнэ дэлхийн зах зээлд хамгийн их хувиар өслөө. Ялангуяа үр тариа, ургамлын тосны үнэ бага орлоготой өрхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байна. Сүүлийн 15 сарын хугацаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 43 хувь, түүний дотор үр тарианы үнэ 56 хувиар өссөн. Дэлхийн 53 орны 193 сая хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон нь 2020 онынхоос 40 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тиймээс ОХУ, БНХАУ ч хүн амынхаа хүнсний аюулгүй байдалдаа ихээхэн анхаарч байна. Монгол Улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний 50 орчим хувийг гаднаас авч байна. Тухайлбал, 2021 онд 1 тэрбум ам.долларын хүнс гадаадаас худалдан авсан. Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 1 жилийн хугацаанд 20 орчим хувиар өсөж, инфляци 15 хувьд хүрлээ. Иймд УИХ, Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгойлон анхаарч, тусгайлан хэлэлцэхийг Ерөнхийлөгчийн хувьд санал болгож, УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байгаа. Мөн Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг УИХ-д яаралтай горимоор өргөн барьж, хэлэлцүүлэх нь зүйтэй. Ирэх таван жилд хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангая. Өөрөөр хэлбэл, мах, сүү, төмс, лууван, байцаа, сонгино, сармис, хүрэн манжин, гурил, цөцгийн давс, тахианы мах, ургамлын тосыг дотоодоос бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эхлүүлье. Үүний тулд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлэх санаачилга дэвшүүлж байна” хэмээв.

Ерөнхийлөгчийн мэдээлэл үргэлжилж байна. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэх болно.

Сэтгэгдэл бичих