ГХЯ: Монгол Улсын иргэнд визийн хориг тавих талаар гадаадын аль ч ЭСЯ-наас мэдээлэл ирүүлээгүй

оруулсан Алсын Хараа

Монгол Улсад АНУ болон Европын холбооны зарим улс визийн хориг тавьсан, монгол иргэдэд визийн хориг үйлчилж эхэлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна.

Үүнтэй холбоотойгоор Гадаад Харилцааны Яам /ГХЯ/-наас тодруулахад "Гаднын аль ч Элчин сайдын яамнаас одоогоор иргэдэд виз олгохгүй, хориг тавих талаар мэдээлэл манайд албан ёсоор ирүүлээгүй байна" хэмээн мэдэгдлээ. Ташрамд дурдахад, 2021 оны аравдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсын энгийн паспорттой иргэн гадаадын 25 улс руу 14-90 хоног визгүй зорчих эрхтэй байна. Харин дипломат болон албан паспорттой бол 34 улсад визгүй зорчино.

Бусад хөнгөлөлтийн тухайд:

  • Монгол Улсын иргэдэд АНУ руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз,
  • Их Британи улсад 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз,
  • Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно.
  • Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан байдаг.
  • Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна.

Сэтгэгдэл бичих