Мүний АЛДААГ засах Юны АМЛАЛТУУД

оруулсан Алсын Хараа

Яг хоёр сарын өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө нэг хүрэхгүй хувийн саналын илүүгээр ялж Өмнөд Солонгосын төрийн тэргүүнээр сонгогдсон 61 настай Юн Сүк Ёл өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо.

Сөрөг хүчний намаас шинэ ерөнхийлөгч сонгогдсоноор Өмнөд Солонгосын улс төрийн амьдралд томоохон өөрчлөлтүүд гарах нь гарцаагүй гэдгийг шинжээчид онцлон тэмдэглэж байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сард явагддаг байсан бол ерөнхийлөгч асан Пак Гөн Хэ-гийн импичменттэй холбоотой улс төрийн хямралын улмаас сонгуулийн хуанлид өөрчлөлт орж, өнгөрсөн 3 дугаар сард болсон сонгуулиас хоёр сарын дараа ийнхүү шинэ ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.

Шинэ Ерөнхийлөгч өөрийн явуулах бодлогын гол чиглэлийг “үндэсний эв нэгдэл” гэж тодорхойлоод хууль дээдлэх зарчмыг мөрдлөг болгож, шударга ёсны үзэл санааг түгээнэ гэж амласан билээ. Тэрбээр халаагаа өгч буй ерөнхийлөгч Мүн Жэ Иний засаг захиргаа ба түүний тэргүүлдэг эрх баригч “Тобуро” Ардчилсан намыг эсэргүүцсэн олон нийтийн дургүйцэл дээр дөрөөлж ялалт байгуулсан гэж ажиглагчид үздэг.

Ноён Юн цар тахлын хор уршгийг арилгах явдлыг нэн тэргүүний зорилтоо болгоно гэдгээ сонгуулийн өмнө амлаж байсан бөгөөд үүрэгт ажилдаа орсон даруйдаа “ковидын эсрэг яаралтай арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай штаб”-ыг байгуулах ажээ.

Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Юн бол “ясны улстөрч” огт биш төдийгүй өмнө нь улс төрийн тавцанд огт гарч байгаагүй туршлагагүй нэгэн ажээ. Тиймдээ ч үе үе сонгогчдын нүдийг бүлтийлгэж, чихийг сортойлгосон хачирхалтай зүйлсийг ярьж  гайхшруулдаг "задгай амтай". Тухайлбал, коронавирусийг “Уханийн вирус” гэж хэнэг ч үгүй нэрлэж байх жишээтэй. Мөн ажлын цагийг хуулиар тогтоох нь буруу, хэрвээ тухайн хүн ажиллахыг хүсвэл долоо хоногт 120 цаг ажиллаад сайтар амарч байх нь зүйтэй гэсэн нь шүүмжлэлд өртжээ. Үүнийг егөөдөж парламентын нэгэн гишүүн хариу хэлэхдээ “Англид долоо хоногт 90 цаг ажиллаж байсныг эсэргүүцэн хувьсгал гарсан, Освенцимын хорих лагерьт хоригдлууд долоо хоногт 98 цаг ажиллаж байсан” гэдгийг сануулжээ.

Сөүлийн Үндэсний их сургуулийн хуулийн ангийг төгссөн тэрбээр амьдралынхаа туршид янз бүрийн шатны прокурорын байгууллагуудад дэвшин ажилласаар ирсэн бөгөөд 2019 онд Мүн Жэ Иний шийдвэрээр Өмнөд Солонгосын Ерөнхий прокуророор томилогдох хүртэл нь түүнийг өмнөд солонгосчууд бараг мэддэггүй байв. Тэрбээр ерөнхийлөгч асан И Мён Баг, Пак Гөн Хэ нартай холбоотой авлигын хэргүүдийг мөрдөн шалгах тусгай хороонд ажиллаж, тэднийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган яллахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн гэдэг нь саяхнаас тодорхой болжээ. Прокурор асан одоо Мүн Жэ Ин-ий засаг захиргааны үед гарсан авлигын хэргүүдийг ч сөхөн шалгаад эхлэвэл гайхах зүйлгүй.

Өмнөд Солонгосын прокурорын байгууллага маш өргөн эрх мэдэлтэй тул доторх уур амьсгал нь хүчний байгууллагынхтай төстэй. Юн Сүк Ёл захиргаадах арга барилтай хүн бөгөөд бусадтай ширүүн дориун дарамтлах маягаар харьцдаг гэж ярилцдаг.

2022 оны 4 дүгээр сарын 12. Дэгү хот.  

Юн Сүк Ёл бол консерватив үзэлтэн бөгөөд Өмнөд Солонгосыг хатуу гараар барьж байсан өмнөх ерөнхийлөгч нарын талаар эерэг өнгө аястай үг хэлж, Жендерийн тэгш эрх, гэр бүлийн асуудал эрхэлсэн яамыг татан буулгах саналыг дэвшүүлж байсан нь либерал үзэлтнүүдэд таалагдахгүй байна.

Сүүлийн үед аливаа асуудлыг эмэгтэйчүүдэд ашигтай байдлаар шийдвэрлэх болсныг антифеминист үзэлтнүүд шүүмжлэх болжээ. Мөн их сургуульд элсэн орж буй эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс олон байна гэдгийг ч дурддаг. Харин феминистүүдийн зүгээс бэлгийн хүчирхийлэл ба эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзэгдэл газар авч буйг эсэргүүцэж байна.

Харин феминизмийг эсэргүүцэж буй залуу эрчүүдийн тоо нэмэгдсээр байгааг соргогоор мэдэрсэн Юн Сүк Ёл сонгогчидтой уулзах үеэрээ дээр дурдсан яамыг татан буулгах, бэлгийн сэдэлтэй гэмт хэргийн талаар хуурамч бөгөөд бусдыг гүтгэсэн мэдээлэл өгсөн тохиолдолд оноох шийтгэлийг чангатгана гэж амлажээ. Гэтэл Юны өрсөлдөгч Ли Жэ Мён залуу эхчүүдэд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх тухай ярьж байх жишээтэй. Тэгэхээр ойрын үед Өмнөд Солонгост жендерийн тэгш эрхийн төлөөх тэмцэл улам ширүүсэх нь.

Нөгөөтэйгүүр, өмнөх ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий үл хөдлөх хөрөнгийн салбарт явуулж байсан алдаа завхралуудыг засах нь Юны засаг захиргааны гол зорилтуудын нэг болж байна. Тэрбээр шинээр 2,5 сая айлын орон сууц барина гэж амласны зэрэгцээ үл хөдлөхийн татварыг цуцалж, түүнийг эд хөрөнгийн татвартай нэгтгэхээр төлөвлөжээ. Ингэснээр иргэдийн үүрч буй татварын ачааллыг бууруулж, зохистой түвшинд тогтоох юм.

МҮНИЙ АЛДАА ОНОО

Үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдлийг тогтоон барихын тулд Мүний засгийн газар төрөл бүрийн арга хэмжээ авсаар ирсэн боловч үр дүн нь яг эсрэгээр тусч, үнэ улам тэнгэрт хадах болов. Сөүл хотод орон сууцны дундаж үнэ 1 сая долларт дөхсөнөөр залуу гэр бүлүүд мөнгө хурааж байртай болох мөрөөдлөө орхихоос аргагүйд хүрчээ. Үүний сацуу ажлын байрны төлөөх өрсөлдөөн ширүүсч, цар тахлын эдийн засагт учруулж буй хохирол нэмэгдсэн нь маш олон залуучуудыг Мүн ба түүний “Тобуро” Ардчилсан намаас хөндийрөхөд хүргэсэн байна. Энэ бол хамгийн том бүтэлгүйтэл байсан гэдгийг Мүн өөрөө ч хүлээн зөвшөөрдөг.

Ташрамд сонирхуулахад, хөдөлмөрийн зах зээлийн талаарх Юны бодлого өмнөхөөс ялгаатай байх төлөвтэй. Тэрбээр зах зээлийн хяналтыг сулруулж, засгийн газрын оролцоог хамгийн доод түвшинд байлгах нь зүйтэй, ажилтанд хэдэн долларын цалин өгөх вэ гэдгийг зах зээл өөрөө тодорхойлно гэж  үздэг ажээ.

Нөгөөтэйгүүр, Мүний засгийн газрын ололт амжилт гээд дурдвал нэлээд зүйл бий. Тодруулбал, 2018 оны Өвлийн Олимпыг амжилттай зохион байгуулсан, хоёр Солонгосын удирдагчдын уулзалт болсон, цар тахлын үед хөл хорио тогтоогоогүй хэдий ч коронавирусээс үүдэлтэй нас баралт /0,14 хувь/ маш цөөн байсан, бусад улстай харьцуулахад Өмнөдийн эдийн засаг цар тахлын нөлөөнд харьцангуй бага өртсөн, шинээр үүссэн нөхцөл байдалд тус улсын компаниуд өндөр технологийг ашиглан бизнесээ өргөжүүлсэн, сэргээгдэх эрчим хүч, биотехнологи, хагас дамжуулагч, зай хураагуурын үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлж байгаа гэх мэт.

ЮНЫ ГАДААД БОДЛОГО

Ерөнхийлөгч Юн үндэсний аюулгүй байдлын асуудлаар маш хатуу байр суурь баримталж, Умард Солонгосын зүгээс аюул заналхийлсэн тохиолдолд Пхеньянд өрсөж цохилт өгөх шийдвэр гаргаж ч магадгүй хүн гэж хэвлэлүүдэд дүгнэн бичиж байна.

Тэрбээр пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн THAAD цогцолборыг Өмнөд Солонгост нэмж байрлуулна гэж мэдэгдсэний зэрэгцээ “Умардын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад бэлэн байгаа нөхцөлд л Пхеньянтай дипломат яриа хэлэлцээ хийх боломжтой” гэжээ. Гэвч Ким Жөн Ун үүнийг зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй.

Эсрэгээрээ, шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болохоос долоо хоногийн өмнө Умард Солонгосын тал баллистик пуужин хөөргөн туршиж Юнд “баяр хүргэлээ”. Энэ үйлдэл бол Умардын талаар хатуу бодлого баримталж, АНУ-тай хэлхээ холбоогоо улам бэхжүүлнэ гэж мэдэгдэж буй шинэ ерөнхийлөгчид өгсөн сануулга гэдгийг ажиглагчид онцолжээ. Түүнээс гадна, ТHAAD цогцолборын радарууд Хятадын нутгийн гүнд хүртэл ажиглалт хийх боломжтой тул Сөүл-Бээжингийн харилцаанд ч бэрхшээл үүсгэх төлөвтэй.

Үүний сацуу сүүлийн жилүүдэд “ёроолын цэгтээ” хүртэл хүйтэрсэн Япон-Өмнөд Солонгосын харилцаанд нааштай өөрчлөлтүүд гарах шинж тэмдгүүд ажиглагдаж эхэллээ. Юн Сүк Ёлын Токио руу илгээсэн төлөөлөгчдийг Японы Ерөнхий сайд Фүмио Кишида хүлээн авч уулзжээ. Солонгосын хойгийг япончууд 35 жилийн турш эзлэн түрэмгийлж байсан үетэй холбоотой болон газар нутгийн маргаантай /Токто арал/ асуудлуудын улмаас бие биенийхээ эсрэг элдэв хориг тавьсаар ирсэн үе ард өнгөрч хоёр тал эвлэрч эхэллээ. Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын хоёр гол холбоотон хэлхээ холбоогоо сэргээж буй энэ үед /5 дугаар сард/ ерөнхийлөгч Жо Байден Токио ба Сөүлд айлчлахаар төлөвлөжээ. Айлчлалуудын үеэр хэлэлцэх гол сэдэв бол Хятад ба Оросыг тогтоон барих тухай асуудал байх болно гэдгийг ажиглагчид онцолжээ.

Б.Адъяахүү 

Сэтгэгдэл бичих