С.Мөнхчулуун: Зээл олголтын шимтгэлд 1 хувь авдаг асуудлаар арилжааны банкуудад шалгалт хийнэ

оруулсан Алсын Хараа

О.Батхүү: Банкны эдийн засагч ганц удаа зураг авсныхаа төлөө гэрээний үнийн дүнгийн нэг хувийг яагаад авдаг юм бэ?

Банкуудын зээл олголтын шимтгэл нэг хувийн асуудлаар Хуульч О.Батхүү Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газарт хандав. Тэрбээр "Банкууд хэзээнээс зээл олголтын шимтгэл гэж нэг хувь авдаг болсон талаар судлаад үзвэл банкууд нийлээд ийм зүйл хийгээд байгаа юм уу гэсэн дүгнэлтэд хүрнэ.

Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.5-д ноёлох үйл ажиллагаа буюу давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хэрэглэгчийг хясан боогдуулахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр банкууд нийлж байгаад зээл авч буй хүмүүсийг хясан боогдуулж байна гэж үзэж байгаа.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тохирч болохгүй гэж заасан. Орон сууцны зээл авахтай холбоотой бүх баримтыг зээлдэгч өөрөө гаргаж байгаа. Харин банкны зээлийн эдийн засагч байран дээр очиж нэг удаа зураг авдаг.

Ямар ч үндэслэл тооцоололгүй мөнгийг хэрэглэгчээс авч байна

Гэтэл яагаад ганц удаа зураг авсныхаа төлөө гэрээний үнийн дүнгийн нэг хувийг авч байгаа юм бэ? Ямар ч үндэслэл тооцоололгүй мөнгийг хэрэглэгчээс авч байна. Зээлдэгч нар бол банкны харилцагчид. Тиймээс ШӨХТГ-аас дээр дурдсан хоёр үндэслэлээр банкуудад шалгалт оруулж өгөөч. Банкууд үнэхээр үгсэн хуйвалдаж нэг хувийг тогтоосон уу, зээл судалсны шимтгэл гэж авч байгаа мөнгө нь банкнаас бодитой гарч байгаа зардал мөн үү? гэдэг дээр дүгнэлт гаргаж өгнө үү.

Хэрвээ банкууд хууль зөрчсөн давуу байдлаа ашигласан гэсэн дүгнэлт гаргавал үлдсэн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой. ШӨХТГ банкуудтай шүүхийн маргаан үүсгэсэн тохиолдолд Монголын өмгөөлөгчдийн холбооны хуульчид хамтран ажиллахад бэлэн байгаа.

Монголбанк долоо хоногийн дотор хариу өгсөн. Бид төрийн байгууллага, банкууд чөлөөт зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс бид банкны дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй гэсэн тайлбар ирүүлсэнтэй санал нийлэхгүй байна. Хуульд зааснаар банк өөрийнхөө хүүг тогтоох бүрэн эрхтэй. Харин шимтгэл болон хураамж нь үндэслэлгүй байвал Монголбанк хүчингүй болгох учиртай. Тиймээс энэ хариуг хүлээж аваагүй" гэлээ.

Хуульч О.Батхүү зээл олголтын шимтгэл болгож нэг хувь авдаг асуудлаар арилжааны банкуудад шалгалт хийхийг Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын удирдлагаас хүсэв.  Тус газрын дарга С.Мөнхчулуун "2011 онд хяналт шалгалт явуулж, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн нэр бүхий 10 арилжааны банканд албан шаардлага хүргүүлж байсан. Гэвч Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ШӨХТГ хохирогч биш учир иргэдийг төлөөлөх эрхгүй гэсэн үндэслэлээр энэ асуудлыг цуцалж байсан.

Банкнаас зээл аваагүй хүн ховор. Гэтэл бүх зээл дээр нэг хувийн ижил шимтгэл оногдуулж байгаа нь хуульч зөрчсөн үйлдэл байх магадлалтай гэж хардаг. Гэвч нэг хувийн шимтгэл нь зээл олгох үйл ажиллагаатай холбоотой банкнаас гарсан тодорхой хэмжээний зардал бөгөөд үүнийг зээлдэгч нараас авдаг гэж тайлбарладаг. Тэгэхээр энэ асуудлаар дахин шалгалтын ажиллагаа явуулна. Байгууллага дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

Монголбанкнаас гаргасан журамд нэгээс дээшгүй хувийг зээлийн үйл ажиллагааны зардалд тооцоолно гэж заасан. Нэг хувийн хэмжээний зардал гардаг уу үгүй юу. Байрны м.кв-аас шалтгаалаад ямар нэг байдлаар зээлийн үйл ажиллагааны зардал өөрчлөгдөнө гэж байхгүй.

Бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай.

Үгсэн хуйвалдаагүй бол зарим арилжааны банк нэг хувь гэхгүйгээр 0.5, 0.8 хувийн шимтгэл авах боломжтой байсан гэж үзэж байгаа. Та бүхэнд эргээд хариу мэдээлэл өгөх болно" гэв.

Сэтгэгдэл бичих