Монгол Улсын алслагдмал, хязгаар нутагт оршин суудаг, эмнэлгийн оношилгоо үйлчилгээнд хамрагдах боломжгүй, төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн хагалгааны зардалд зориулж хандив цуглуулах зорилготой “Beyond the borders” сайн үйлсийн төслийг “Янжиндулам” ТББ эхлүүлжээ.
Уг төсөлд нэгдэхээр БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон БНСУ-ын "Squid game" цувралд Алигийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Анупам Трипапти нар Монголд ирсэн бөгөөд өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
"Бид яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай хүүхдийн амийг аврах зорилго дор нэгдсэн"
“Beyond the borders” төслийг санаачлагч н.Янжиндулам “Би Янжиндулам ТББ-аар дамжуулж Монголынхоо нийгэмд яаж сайн үйл хийх вэ гэж маш олон жил бодож явсны эцэст БНСУ-д хамт сургууль төгссөн найзууд болон Монгол дахь танилын хүрээгээ ашиглаж, энэ төслийг эхлүүлсэн.
Бид яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай нэг ч гэсэн хүүхдийн амийг аврах зорилго дор нэгдсэн" хэмээн хэлсэн юм.
"Аль болох олон хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалахыг зорьж байна"
БНСУ-ын алдарт жүжигчин Анупам Трипапти “Намайг энэхүү үйл ажиллагаанд урьж, оролцуулж байгаад баярлалаа. Их сургуулийн найз маань энэ сайн үйлсийн талаарх санаагаа надад хэлэхэд нь би маш их хүндэтгэж хүлээж авсан. Бид аль болох олон хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилготойгоор төслийг эхлүүлж байна.
Хандивын үйл ажиллагаа маань амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн, би маш олон монгол найзтай. Тиймээс ч монголчуудыг маш халуун, дулаан сэтгэлтэй хүмүүс гэдгийг мэддэг байсан тул Монголд анх удаа ирж байгаа ч маш дотно санагдаж байна.
Би монгол хүмүүсээс өмнө нь маш их хүндэтгэл, сайхан сэтгэлийг мэдэрч байсан учраас ямар нэг хэлбэрээр буцааж өгөхийг хүсэж байсан.
Тиймээс ч найзуудтайгаа хамтран хүүхдүүдэд туслах энэхүү сайн үйлсийн төслийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байна" гэлээ.
"Бүх хүүхдүүд эрүүл өсөж торниосой гэж хүсэж байна"
БНСУ-ын алдарт зураач И Юн Жон “Би Янжиндулам найзаараа дамжуулж Монголд сайн үйлсийн аянд оролцох болсондоо маш их баяртай байна.
Яаралтай хагалгаанд орж чадахгүй байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардалд өөрийн зургийн үзэсгэлэнгээс олох орлогоо хандивлах гэж байгаа минь миний хувьд нэр төрийн хэрэг.
Бүх хүүхдүүд эрүүл өсөж торниосой гэж хүсэж байна” гэлээ.
"Зураач И Юн Жоны үзэсгэлэн энэ сарын 10-24-ний өдрүүдэд Үндэсний урлагийн галерейд тавигдана"
“Beyond the borders” төслийг зохион байгуулагч гишүүн н.Мишээл “Төслийн хүрээнд зохион байгуулагдах үндсэн эвэнтийн нэг бол гольфийн тэмцээн. Бид гольфийн тэмцээн зохион байгуулж олсон орлогоо бүгдийг нь хүүхдийн санд хандивлана.
Мөн БНСУ-ын алдарт зураач И Юн Жоны үзэсгэлэн тавдугаар сарын 10-24-ний өдрүүдэд Үндэсний урлагийн галерейд тавигдах юм.
Энэ хооронд зураачийн маань зургийг сонирхож, худалдаж авбал орлого нь сайн үйлсэд зориулагдах болно" гэлээ.
Өнөөдрийн байдлаар тус төслийн хүрээнд 21 аймгаар тойроход 10,400 хүүхэд зүрхний эмчилгээ хагалгаанд орох шаардлагатай гэх тоон мэдээлэл байна.
Төслийн хүрээнд бүрдсэн хандивыг зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмчийн санаачилсан “Бундан” санд хандивлах бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай, амь нас нь эрсдэлтэй байдалд буй нярай болон бага насны хүүхдийн мэс засалд зарцуулагдана гэдгийг тэд хэллээ.
TV9 телевизийн шууд дамжуулалтаас мэдээллээ.