Хятадад орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

Хятадын Хунань мужийн Чанша хотод орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо хоёр дахин нэмэгдэж 53 болсон тухай хотын эрх баригчид мэдээлжээ.

"Жэньминьван" мэдээллийн цахим хуудас 26 хүн амиа алдаж, 10 хүнийг аварсан гэж пүрэв гарагт мэдээлж байв.

Чанша хотын захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, барилгын нурангин дороос хүмүүсийг эрэн хайх ажиллагаа дууссан байна. Нурангин дор хүн байхгүй гэдгийг хотын удирдлагууд баталжээ.

Чанша хотын найман давхар барилга дөрөвдүгээр сарын 29-ний өглөө нурсан байна. Уг барилгыг 2012 онд барьсан бөгөөд анх зургаан давхар байсан боловч 2018 онд хоёр давхар нэмж барьжээ. Нэгдүгээр давхарт нь дэлгүүр, хоёрдугаар давхарт зоогийн газар, гуравдугаар давхарт жижиг кино үзвэрийн танхим, кофе шоп, дөрөв, тав, зургаадугаар давхарт зочид буудал байрлаж байсан бол долоо, наймдугаар давхрыг нь орон сууцны зориулалтаар ашиглаж байжээ.

Хотын цагдаа нар уг үйл явдалтай холбогдуулан  барилгын эзэн, барилгын ажлыг хариуцсан дарга нар гэх зэрэг дор хаяж есөн хүнийг саатуулсан байна. Тэднийг зөвшөөрөлгүй нэмж давхар барьсан хэрэгт сэжиглэж байгаа аж.

Сэтгэгдэл бичих