Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Дэлхийн аварга, Токиогийн олимпын мөнгөн медальт жүдо бөхийн тамирчин Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрсөн болохыг azerisport.com мэдээлжээ. Энэ талаар Монголын Жүдо Бөхийн Холбооноос тодруулахад үнэн болохыг хэлсэн юм.
Саиед Моллай энэ оны тавдугаар сарын 2-ноос эхлэн тус улсын нэрийн өмнөөс барилдах эрхээ авсан байна.
Үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Рашад Расуллу "Манайд олон авьяаслаг залуус байгаа ч Олимпын аварга Элнур Мамедлигийн дараа хэн ч медаль авч чадаагүй. Саиед Моллай дэлхийн хэмжээний тамирчдын нэг бөгөөд 81 кг-ын жинд амжилт үзүүлэхэд тусалж, энэ жинд өрсөлдөх залуусын хөгжил дэвшилд тустай” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Саиед Моллай Акербайжан улсын нэрийн өмнөөс барилдах болсон талаараа “Монгол Улстай байгуулсан гэрээ дууссаны дараа би Азербайжаны холбоонд хүсэлт гаргасан ба тэд эх орныхоо төлөө тоглох болсонд баяртай байна гэсэн. Дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээн, 2024 оны олимпод үр дүнд хүрэхийн тулд би чадах бүхнээ хийх болно" хэмээн ярьжээ.