Хайрхан аялагч клубийн гишүүн, Хайрхан авиралтын багийн дасгалжуулагч, уулын спортын мастер Б.Гантулга дэлхийн дээвэр болсон Гималайн уулсын оргилуудад хийж буй авиралтаа үргэлжлүүлсээр байна.
Уулчин Бэх-Очирын Гантулга 2022 оны 4 дүгээр сарын 28-ны орон нутгийн цагаар 17 цаг 50 минутанд далайн түвшнээс 8000 метрээс дээш орших дэлхийн 10 дахь уул буюу Аннапурна салбар уулсын тэргүүн оргил “Аннапурна-1” /8091 м/ уулын оргилд нэмэлт хүчилтөрөгчгүй, хөтөч шерпагүй гарч Монголын Улсынхаа далбааг мандуулж чадсан байна.
Гималайн мэдээллийн сангаас үзэхэд Аннапурнагийн үндсэн оргилд /8091м/ 1900 оноос 2021 оны 12 сар хүртэлх нийт 244 экспедицээс авиралт хийснээс 72 уулчин эргэж ирээгүй байна. Эндээс ямар хүнд авиралттай уул болох нь харагдаж байна. Үндсэндээ 3 уулчны нэг нь амь эрсэдсэн гэж үзэж болох юм.
Энэхүү амжилттай авиралтын талаар 2022 оны 4 дүгээр 29-ний 15:23 минутанд мессэж ирсэн ч баттай болгохын тулд өөрийг нь холбогдтол хүлээсэн юм байна. Б.Гантулга үндсэн отог дээрээ ирсэн бөгөөд биеийн байдал сайн байгаа аж.
Хайрхан аялагч клубийн гишүүн, Хайрхан авиралтын багийн дасгалжуулагч, уулын спортын мастер Б.Гантулга эх орныхоо мөнх цаст оргилуудад 60 гаруй удаа амжилттай авирсан. Тэрбээр Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6965 м/, Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/, Европ тивийн ноён оргил Эльбруст /5641 м, 5621 м/ 2014 он, 2018 онуудад тус тус амжилттай хөл тавьсан уулчин билээ.
Далайн түвшнээс дээш 8000 метрээс дээш өндөртэй, дэлхийн 14 оргилын зургаад нь монгол уулчид амжилттай авирч Монгол Улсынхаа Төрийн далбаагаа мандуулаад байгаа юм.
“Монгол мөрөөдөл-14” төслийн зорилго нь эдгээр 14 оргилд монгол уулчид авирч, эх орныхоо төрийн далбааг мандуулахад оршино. Төслийн гарааг эхлүүлэн 2022 оны 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 31-ний хугацаанд дэлхийн дээвэр Эверестийн оргилд авирахтай зэрэгцэн дэлхийд өндрөөрөө тавд орох Макалу / 8463 м/ оргилд монгол хүн анх удаа авирах гэж байна.
Дэлхийн 8000 метрээс дээш өндөр оргилд мөрөө гаргасан монгол уулчид:
- Эверест 8848 м - Гавьяат тамирчин, ОУХМ Г.Өсөхбаяр 2005 он
- К2 8611 м - Гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа 2018 он
- Лхотце 8516 м - ОУХМ Ж.Бямбасүрэн
- Чо Оюу 8201 м - Гавьяат тамирчин, ОУХМ Л.Болдбаатар
5.Манаслу 8163 м Б.Батболд
- Шиша Пангма 8013 м ОУХМ Ө.Батманлай